Эхлэл
Бурханы шашин
Мэдээ нийтлэл
Бясалгал
Аудио
Видео
Бяцхан Будда
Хандив
Хэлэлцүүлэг 
Холбоо барих 
Сайтын тухай
Ангилал
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ
МОНГОЛЫН БУДДИЗМ
СУДАР ТАРНИЙН ДЭЭЖИС
ӨДӨР ТУТМЫН АРИУСАЛ
БУДДЫН СУРГААЛ
БУДДЫН ЗАН ҮЙЛ
ЕРӨӨЛ, ЗАЛБИРАЛ
БУДДЫН ГЭГЭЭНТЭН МЭРГЭДҮҮД
БУСАД ЭХ СУРВАЛЖ
Статистик мэдээлэл
Хандив
БОДЬ МӨРИЙН ЗЭРЭГ буюу гэгээрэлд хүрэх зам: Бүлэг ХV - БУЯНЫ ЗАМ МӨРД ОРОХ
Мэдээ оруулсан: Админ
Огноо: 5/18/2010
3” Буян, нүглийн үйлийн үрийг бодож эргэцүүлсний эцэст буяны зам мөрд орох ерөнхйи ба тусгай тайлбар
а” Ерөнхий тайлбар
Хутагт Шантидэвагийн Бодисадвагийн замнал-д:
Бусармаг нүгэл нь зовлонгийн үүсэл тул
Бушуу түргэн бүрмөсөн салах гэж
Бор хоногийг ч, гэгээн өдрийг ч
Бодож тунгаасаар өнгөрөөж байна.
мөн:
Арван цагаан буян бүхний уг нь
Ариун сүсэг гэж Будда сургасан
Үнэн сүсгийн дээд нь харин
Үйлийн үрийг бясалгах юм.
гэж өгүүлжээ.
Буян, нүглийн үр дагаврыг мэддэг болсондоо сэтгэл ханаж болохгүй. Дахин дахин бясалгах хэрэгтэй. Маш адармаатай ойлголт болохоор түүнийг яв цав ойлгоход асар бэрх байдаг. Бясалгалын хаан сударт:
Од эрхис сартайгаа орчиж
Орон дэлхий хэмхрэн орчиж
Огторгуй хүртэл зайгаа сэлгэдэг ч
Онхид таны үг л үнэнээрээ үлдэнэ.
хэмээн айлджээ.
Буддагийн хэлсэн үгэнд итгэж сурах хэрэгтэй. Буддад итгэхгүй бол гэгээрэгсдийг цэнгүүлэгч номлолын юунд ч итгэл үнэмшил төрөхгүй.
Зарим хүн үйлийн үрийг огт ойлгоогүй басхүү үл тоомсорлох хэрнээ би хоосон чанарыг ухаарчихлаа гэж ярьдаг. Энэ бол хоосон чанарыг огт ойлгоогүйн гэрч шүү. Хоосон чанарыг ойлгоно гэдэг нь юмс үзэгдлийн уялдаа холбоог ухаарахын нэр юм. Энэ нь үйлийн үрийг зөв ухаарах гол тулгуур нь болдог билээ.
Бясалгалын хаан судар-т:
Үзэгдэх орчлон илбэ зэрэглээ, усны хөөс мэт ээ
Үзтэл гялбуулагч аянгын цахил, толинд харагдах сар шиг хуурмаг
Үхэж биеэ орхиод эрлэгт сүнс нь одох амьтан бүгдийг
Үүрдийн хутаг олох ч юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ.
Ийм л хуурмаг хоосон гэтэл үйлийн үр хэтэрхийеэ оршиж
Эгнэгт эс арилан буян, нүглийн үр нь боловсорно
Эгнэшгүй үнэнтэй ч, ухашгүй нарийн шалтгаан болоод учрыг
Эрхэм дээд бурхан Будда л тайлан хэлж чадах билээ.
гэж өгүүлсэн билээ.
Тиймээс юмс үзэгдлийн уялдаа холбоо, үйл хоёрыг үйлийн үрийн зүй тогтол гэж ойлгох нь зүйтэй. Тэгээд бие, хэл сэтгэл гурваа өдөр, шөнийн алинд нь ч хянаж чадвал муу заяанаас зайлж чадна. Анхнаасаа үйлийн үрийн зааг ялгааг сайн ойлгохгүй эсвэл дулимагхан ойлгоод бие, хэл, сэтгэлээ зоргонд нь хаявал муу заяаны үүдийг татна гэсэн үг. Сагахарматийн асуултанд хариулсан судар-т энэ тухай:
Лусын эзээн. Бодисадвагийн ганц сайн чанар муу заяанд төрөх буруу үйлийг тасалдаг. Тэр ямар чанар вэ? “ Би гэдэг юусан билээ? Өдөр шөнийг хэрхэн өнгөрөөнө вэ?” гэж буян мөн эсэхийг шинжих чанар юм.
хэмээн тэмдэглэжээ.
Үүнтэй адил өөрийгөө шинжих тухай ахмад багш нар сургахдаа:
Үйлийн шалтгаан, үр дагаврыг судалж байхдаа өөрийгөө номлолтой харьцуулаад үз. Таарч тохирох юм үнэндээ гарахгүй, бид ийм ухаан мөхөс болохоор гэгээрэлд хүрдэггүй. Бие, хэл, сэтгэлийн алхам бүрээ үйлийн үрийн сургаалтай нийцэх эсэхийг нь ч үз. Өөрийгөө сургаал, номлолтой харьцуулж үзээд нийцэх зүйл байхгүй гэдгийг чин үнэнээр хүлээн зөвшөөрч чадваас ухаалаг хүн мөн. Цоморлиг-т ингэж айлджээ.
Тэнэг гэдгээ хэн мэднэ
Тэр хүн ухаантан мөн
Өөрийн үйлдлээ номлолтой харьцуулж үзэхэд хүүр үүрчихсэн мэт хоёр тийшээгээ харчихсан байвал өөрийгөө ариун, гэгээнд тооцдог ч адгийн тэнэг хүн шүү.
Цоморлиг-оос:
Ямар ч тэнэг ухаантай гэж бодовч
Ямагт улс тэнэгээр нь л дуудна.
Адаглаад өөрийгөө номлолоос ямархан зайтай яваагаа мэдэж бай гэж зөвлөсөн байдаг.
Мөн Бодова өөрийн сэтгэлээ байнга шинжихийг зөвлөдөг байсан билээ. Тэрээр Төрөл туулсан цадиг –аас доорх мөрийг иш татдаг байлаа:
Газар тэнгэрийн хооронд зайдуу
Гадаад далайн эргүүд зайдуу
Ар, өврийн уулууд зайдуу
Амьдрал болоод номлол зайдуу.
Энэ жишээ жирийн бид үйл номлолоос дэндүү тасархай байдгийг үзүүлжээ. Дээрх ганц бадаг номлолыг бодисадва Чандра сургаал хэлж амь зуудаг бярман Субхаситад мянган алтан зоос өгч сонссон юм гэдэг.
Мөн Долүнба:
Бодож тунгаах чадвартай нэгэн өөрийгөө шинжвэл уруу газар өнхрүүлсэн утасны дамар шиг номлолоос холдон одсоноо ойлгоно.
хэмээсэн ажээ.
Энэ мэтээр бодвол алдаа дутагдлаас зайлдаг жамтай. Энэ талаар Үнэнийг өгүүлэгчийн бүлэг-т:
Амь бүү тасал, хүчирхэг хаантан минь
Амьтай бүхэнд ганц олдсон амьдрал нь үнэнтэй
Урт насалж удаан жаргахыг мөрөөддөг болж гэм
Уршиг тарьж амьтан хөнөөхийг бодоын ч учиргүй
.
гэж хэлсэн байдаг.
Энд өгүүлснээр арван хар нүгэл ба урьд өгүүлсэн засашгүй гэм нүгэл зэргийг санааны төдий ч бүү гарга. Түүнийг цээрлэн жигшиж хэвш, олон дахин давт.
Ингэж алдаа дутагдлаас салахгүй бол хүсээгүй ч зовлон эдлэх болно. Өөр зайлах газар байхгүй. Тиймээс огт хүсээгүй байтал үйлийн үр нь боловсроод нулимсаар нүүр угаадаг зуурдын жаргал амсах зүйл бүү хий. Харин үр шим нь баяр жаргал эдлүүлэх аливаа бүхнийг хийх нь зүйтэй. Энэ тухай Цоморлиг-т:
Зовохоос хэрвээ айдаг бол
Зовиур шаналаанаас халширдаг бол
Бор хоног, шар өдрийн алинд ч
Буруу үйлээс ямагт зайлсхий
Буруу үйлийг нэгэнт үйлдвэл,
Болихгүй тэгээд цааш нь хийвэл
Зовлон чамайг салахгүй дагана,
Зугтаж бултах газаргүй болно.
Үйлийн үрээс нуугдах газар
Үнэнийг хэлэхэд хаа ч үгүй
Сансраас ч, далайгаас ч чамайг олно
Сарьдаг хясаанд нуугдсан ч олно
мөн:
Өчүүхэн бодолтой дорой нялхас
Өөрийгөө хөнөөх дайсан болдог
Үйлийн үр нь эргээд түймэрдэх
Үлэмж буруу үйлүүдийг хийдэг
Голт зүрхийг эмтлэн шаналаах
Гашуун нулимсаар нүүр угаах
Үнэнхүү зовлонтой үр дагуулах
Үйл бүхнээс зайлах нь чухаг аа.
Барцад гэм зовлонгийн оронд
Баяр жаргал цогцлоож ирдэг,
Сайхан үрийг ямагт дагуулагч
Сайн үйлийг үйлдэх нь чухаг аа.
Аз жаргалын хүсэлд автаад
Алдаа эндүүтэй үйлийг хийвээс
Аймшигт үр нь дорхноо боловсорч
Араас чинь гүйцэн тарчлаах болно оо.
мөн:
Алдаа мартагдавч үйлийн үр нь
Арилж ховорхон элэгдэх нь үгүй
Амьтан бүхний үйлийн үр
Алсдаа боловсроод амдан тосно
Аймшигт үр боловсорч гүйцээд
Аюус тамд унахын мөчид
Аль эртэд алдаж эндэснээ
Амьтад хөөрхийс сая л ухаардаг аа.
гээд цааш нь:
Хөх төмрийг улаан зэв нь
Хөнөөж өөрийг нь идэхийн адил
Хүн амьтны сэрэмжгүй явдал
Хүйтэн халуун там руу хөтөлнө.
гэхчилэн сургасан байна.
Хамлүнба Пүчүнвад хандан “ Миний багш Долба үйлийн үр л хамгаас чухал гэдэгсэн. Одоо ч үйлийн үрийг номлох, судлах, бясалгах нь ямар ч үнэ цэнэгүй болжээ. Ганц үүнийг өөрийн болгох нь тийм хэцүү гэж үү? Гэхэд Пүчүнва “Тэр үнэн шүү” гэж хариулсан гэдэн.
Долба гэгээн бээр “ Адишагийн шавь нар минь. Өөртөө хэтэрхий эрдэх хэрэггүй. Үйлийн үр гэдэг нарийн шүү” гэдэг байлаа. Харин Пүчүнва “Өвгөн болсон хойноо ч би Цэцэн тэнэгийн үлгэр- ийг үзэж сууна” гэсэн юм. Мөн Шарава “Будда ямар ч зовлон гачлан тохиолдсон газар орон, байр сууцыг буруутгаж байгаагүй. Харин ийм үйлийн үрээр тэнд төрлөө гэж л ярьдаг байсан” гэдэг байлаа.
б” Тусгай дөрвөн хүчээр нүглээс салах арга
Алдаа гаргахгүйг хичээсэн ч болгоомжгүй байдал, сэтгэлийн олон гэмийн эрхээр алдаа гаргах нь бий. Харин үүнийгээ тоолгүй орхиж огт болохгүй.
Энэрэнгүй Буддагийн номлосон засаж залруулах аргыг хичээнгүйлэн дагах хэрэгтэй.
Гэм буруугаа засахдаа гурван төрлийн сахилд дурьдсан журмыг ашиглаж болно. Хилэнц нүглээ дөрвөн хүч ашиглаж засдаг. Дөовөн чанар номлосон судар-т:
Майдар минь, бодисадва, их бодисадва нар дөрвөн их хүч эзэмшвэл хийсэн болон хураасан алдаагаа арилгаж болно. Тэр нь ямар дөрвөн чанар вэ? Тэр бол ихэд гэмших, сөрөн дарах, татгалзах, тулгуур хүч дөрөв юм.
Нэгэнт хийгээд хураачихсан үйлийн үрийг амсах нь тодорхой. Гэтэл энэ дөрвөн хүч түүнийг ч дардаг ажээ. Тэгэхээр үр дагавар нь тодорхой бус бусад үйлийн хувьд яриангүй сайн нөлөө үзүүлнэ.
1” Гэмшлийн хүч
Эхлэлийг нь тогтоох аргагүй цаг хугацааны эхнээс л нүгэлт үйл хийж байсандаа ахин дахин гэмш. Гүйцэд боловсрох үр дагавар зэрэг гурван үйлийн үр үүсдэг зарчмыг бясалгавал гэмшил төрөхөд тус болдог. Алтан гэрэл судар-ын Наминчлалын бүлэг болон Гучин таван Буддагийн сургаал хоёрыг гарын авлага болгон үүнд суралцаарай.
2” Сөрөн дарах хүч
Энэ нь зургаан хүчин зүйлээс бүрдэнэ:
Гүн утгат сударт тулгуурлах. Билгийн чандад хүрэхүй судар зэрэг бүтээлүүдийн санааг ухаж, тогтоож, унших.
Хоосон чанарт итгэх. Би- үгүй ба гэгээн гэрлийн мөн чанарыг өөрийн болгох. Мөн сэтгэлийн язгуур чанар нь ариун гэдэг итгэл үнэмшилтэй болох
Тарни тоолох. Зуун үсэгт зэрэг гайхамшигт тарнийг ёс журмаар нь тоолон унших. Субахугийн асуултанд хариулсан судар-т өгүүлэхдээ:
Тахиж баримтлах ёс зүйн салхин
Тарнийн галыг хөгжөөн ноцоогоод
Үнэн зүтгэлийн халуун дөлөөр
Үзтэл гэмүүдийг шатааж хуйхлах нь
Хаврын цагийн хуурай модонд
Хальтхан үсэрсэн ганцхан оч
Хажуугийн салхинд хөгжин дүрэлзээд
Хамаг ойг түймэрдэхийн адил.
Дагасан ёс зүйн гэгээн наранд
Дагалдуулж уншсан тарнийн ном
Авралын илчээр ээх мэтээр
Алдаа эндлийн цасыг цайруулах нь
Мөнх сарьдгийн өвөр энгэрийг
Мөнхүү гэрлээр ээх наран
Цагийн хүйтэнд хурангалсан цасыг
Цаглашгүй илчээрээ хайлуулах мэт ээ.
Мянган төрлийн хилэнцийн харанхуйг
Тарнийн зулаар хөөж гийгүүлэх нь
Машид харанхуйд өнгөрсөн зул
Тэр дорхноо гийгүүлэх мэт ээ.
хэмээсэн байдаг.
Нүгэл арилсан шинж тэмдэг илэртэл тарниа унших хэрэгтэй. Урин даллах дхарини-д гэм арилсан шинж тэмдэг нь зүүдээр илэрдэг, зүүдэндээ муухай хоол, тараг сүү уун огиулна, мөн нар сар үзэгдэнэ, огторгуйгаар ниснэ, гал бадарна, том үхэр эсвэл хар хүнийг дийлнэ, гэлэн, гэлэнма нарын хуврагийн хүрээг харна, сүү гардаг мод, заан, эцэг мал, уул, арслант ширээ, сайхан байшин өөд авирч эсвэл номлол сонсох зэргээр зүүдлэнэ.
Хөрөг дүр шүтэх. Буддад сүсэглэн хөрөг дүрийг нь бүтээх.
Тахил өргөх. Будда болон түүнд зориулсан суврага зэргийг зүйл бүрээр тахих.
Алдар хүндэд тулгуурлах. Будда болон их бодисадва нарын алдар нэрийг сонсож, тогтоох
Энэ зургаа нь зөвхөн Шантидэвагийн Хураангуй заавар журам-д дурьдсан зүйлс бөгөөд өөр олон арга бий.
3” Татгалзах хүч
Энэ бол арван нүглээс бүрмөсөн татгалзах хүч юм. Нарны шим судар-т: энэ хүч амь таслахаас эхлээд бие, хэл, сэтгэлээр хийсэн үйл, сэтгэлийн гэм бүхнийг дарна. Сэтгэлийн гэм, номлол зөрчсөн үйлдэл мөн өдөөн хатгасан ба хөхүүлэн дэмжсэн зэрэг өмнө нь хийсэн нүгэл бүхнийг дарна гэжээ. Дхармамитра Ёс зүйн их тайлбар- таа чин сэтгэлээсээ хандахын оронд “ Наминчлах төдийгөөр буруу үйлийн үр дарагдах болов уу?” гэж бодох нь буруу гэдэг Буддагийн үгийг иш татсан байдаг. Мөн хожим дахин хийхгүй гэдэг хатуу шийдвэр маш чухал. Энэ бүхэн гэмшлийн хүчнээс шууд хамаардаг.
4” Тулгуур хүч
Гурван эрдэнээс аврал эрэх болон гэгээрэх тэмүүлэл хөгжүүлэх нь тулгуур хүч юм. Будда эхлэн суралцагч нарт зориулан гэм буруугаа арилгах олон арга заасан. Гэхдээ энэ дөрвөн хүч бүгд нийлж нүглийг бүрэн арилгаж, төгс төгөлдөр болдог.
Гэм буруу дараах байдлаар арилна. Муу заяаны асар их зовлон үүсгэх үйлийн шалтгаан нь багахан зовлонгийн шалтгаан болж хувирна. Муу заяанд төрсөн ч түүний зовлонг амсахгүйгээр энэ амьдралд толгой өвдөх төдийгөөр өнгөрч болно. Мөн удаан эдлэх учиртай үйлийн хугацаа хорогдоно. Бүр огт амсахгүй өнгөрөх тохиолдол ч бий.Гэхдээ тухайн хүний сэтгэлийн хүч, гэмээ цагаатгах дөрвөн хүч бүрдсэн эсэхээс шалтгаална. Түүнээс гадна энэ аргыг хэр хүчтэй, удаан хэрэглэж буй зэрэг олон зүйлээс хамаардаг. Тиймээс тодорхой хэлэх аргагүй.
Судрын аймаг ба ёс зүйн судруудад “зуун галав болсон ч үйлийн үр барагдахгүй” гэсэн байдаг. Энэ бол гэмээ цагаатгах дөрвөн хүчийг бясалгаагүй тохиолдлыг хэлж буй хэрэг. Харин дээр заасан ёсоор гэм цагаатгах дөрвөн хүчинд суралцвал гүйцэд боловсрох үйлийн үр арилна гэсэн байдаг. Харибхадра Билэг оюун төгөлдөржүүлэх найман мянган бадагт судрын их тайлбар-т энэ тухай:
Гэм цагаатгах дөрвөн хүчийг бий болгох тусам гэм буруу хорогддог жамтай. Энэ дөрөв ман хүчтэй байвал бүр арилах нь дамжиггүй. Алтыг тунгааж цэвэрлэхтэй адилтгаж болно. Гэгээн номлол зөрчсөн алдаа зэрэг бүх гэм мөн энэ жамаар арилна. Бардам зангийн алдаа эндэгдлийг ч арилгана.
Харин “зуун галав болсон ч үйл үр барагдахгүй” гэснийг “гэм цагаатгах дөрвөн хүчинд суралцаагүй” нөхцөлд гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол олон аман айлдвар, учир зүйн нотолгоо зэрэгтэй зөрчилдөнө.
Будда гэмээ аоилгах дөрвөн хүчинд суралцаагүй ч зарим үйлийн үрийг “амсахгүй өнгөрч болно”.
Гэмээ наминчлах, цээрлэх зэргээр гүйцэд боловсрох үйлийн үрийн уршгийг сулруулж болно. Тэгвэл нөхцөл нь бүрдлээ ч гүйцэд боловсрох уршиг нь илэрдэггүй, энэ буянаар буруу үзэл ба үзэн ядахын үндсийг ч устгаж болно гэсэн байдаг. Бхававивека
Учир шалтгааны дөл-дөө:
Нэгэн цагт буян буруу үзэл, хорлох сэтгэлд дарагдаж болно. Үүнтэй адил нүгэл наминчлах, андгай тангараг, гэмшил зэрэг гэмээ цагаатгах хүчинд үйлийн үр суларч болно. Энэ бүхэн тухайн нөхцөл байдлаас шалтгаалдаг. Үр хөвөрлийнх нь хүч суларсан буян, нүглийн үр дагавар гарахгүй. Нөхцөл нь бүрдэхгүй байгаа учраас үр дагавар нь илрэх цаг нь хойшлогдохоос биш ор мөргүй арилна гэж байхгүй. Үүнийг судар-т “Гэгээн номлолыг дагагчийн гүйцэд боловсрох үйлийн үр нь энэ насандаа боловсордог” гээд “ Гэмээ арилгах дөрвөн хүчээр муу заяанд төрөх үйлийн үр нь одоо толгой өвдөх төдийгөөр илэрдэг” гэсэн байдаг.
Эргэлзээ: Хэрвээ толгой өвдөх төдий болж хувирдаг юм бол үр хөврөл бүрмөсөн устсан мэт үзэж болно гэж үү?
Тайлал: Бүх нүглийн үр дагаваруудаас хамгийн аймшигтай нь болох тамын зовлонг амсах ёстой байсан гэж бодьё. Гэтэл дөрвөн хүчний ачаар тэр зовлонг өчүүхэн ч эдлэхгүй өнгөрч болно. Энэ нь үр хөврөлийг устгаж байгаа хэрэг биш гэж үү? Толгой өвдөх мэтээр өнгөрөх нь үйлийн үр бүрмөсөн өөрчлөгдөж байгаа хэрэг биш үү?.
Сэтгэлийн гэмийн үр хөврөлийг устгах арга сураагүй байлаа ч түүнийг сулруулах сөрөг нөхцлийг нь бүрдүүлбэл үйлийн үр илрэх боломжийг хаадаг. Гадна, дотны олон зүйлээс үйлийн үр дагавар хэрхэн бий болж буйг харж болно.
Их буян хуримтлуулахыг хичээх хэрэгтэй. Тэгээд буянаа уур хилэн мэтээр сэвтээхгүй бол дээрх үр дүнд хүрнэ. Тиймээс буянаа сэвтээхгүй бол дээрх үр дүнд хүрнэ. Тиймээс буянаа сэвтээлгүй нүглээ засаж залруулахыг хичээх нь зүй.
Эргэлзээ: Хэрвээ гэмээ цагаатгах дөрвөн хүчээр ноцтой үйлийн үрийг ч арилгадаг юм бол яагаад “гүйцэд боловсрох үйлийн үрээс бусад нь” гээд байгаа юм бэ?
Тайлал: Гүйцэд боловсрох үйлийн үр дагавраар нэгэнт сохор төрчихсөн бол түүнийг энэ дөрвөн хүчээр арилгаж болохгүй. Харин үйлийн үр нь бий болоогүй зөвхөн шалтгаан төдий байхад нь хялбархан арилгаж болно гэсэн утгаар Будда хэлсэн байдаг. Тиймээс эргэлзэх зүйл алга. Бхававивека энэ тухай Учир шалтгааны дөл-дөө:
Эргэлзээ: Үнэхээр гэмээ арилгаж болдог юм бол яагаад “гүйцэд боловсрох үйлийн үрээс бусдыг” гэж Будда тодорхойлсон юм бэ?
Тайлал: Хараагүй, өрөөсөн нүдтэй, тахир дутуу, хэлгүй дүлий болж үр дагавар нь нэгэнт гарчихсан, төрөлх шинж чанар болчихсон ямар ч үйлийн үрийг бүрмөсөн арилгах боломжгүй. Харин шалтгаан бүрэлдэх сэдэл байх үед нь түүний эсрэг сэдэл бүхий санаагаар нэг мөсөн устгаж болно. Ангулимала, Ажатасатру, Свака, Ашока зэрэг эцгийгээ хөнөөгчид үүний жишээ юм.
Эргэлзээ: Тэгвэл Ажатасатру болон эхийгээ алсан хүмүүс урьдынхаасаа тэс өөр, зөв санаа бодолтой болсон. Гэтэл яагаад үйлийн үр нь барагдахгүй Амсхийх чөлөөгүй тамд төрсөн бэ?
Тайлал: Түүнийг үйлийн үрд итгүүлэхийн тулд Амсхийх чөлөөгүй там мэтийн газарт төрүүлсэн хэрэг. Түүнээс буруу үйлийн үр нь арилалгүй тамд үлдсэн гэсэн үг биш. Бөмбөг газар ойх шиг тэнд төрөөд, эргээд гараад ирсэн юм. Тамын галыг мэдрээ ч үгүй гэдэг. Тиймээс гэм бурууг уг ёзоороор нь устгаж болно. Харин хийсэн үйл үр дагаваргүй байна гэж үгүй.
Гэхдээ хувь хүний гэмээ наманчилсан байдлаас шалтгаалдаг. Энэ тухай Будда Бясалгалын хаан сударт өгүүлсэн байдаг. Сурадатта хаан бодисадва Супуспачандаг алсандаа гэмшжээ. Тэгээд суврага бүтээж агуу их тахил өргөж өдөрт гурвантаа нүгэлээ наминчлах болж. Ингэж ерэн таван сая жил ёс журмыг үнэнчээр сахисан ч үхээд Амсхийх чөлөөгүй тамд төрөв. Мөн хорин жива галвын турш нүдээ тэс цохиулах зэргээр өгүүлэшгүй их зовлон амссан.
Гэхдээ нүнлээ наманчлахгүй бол болохгүй. Гэмээ наминчлахгүй бол илүү их, бүр удаан зовно. Наминчилж, цээрлэвэл үйлийн үрээс юу ч үлдээлгүй салж болно. Гэхдээ эхнээсээ гэмээр буртаглахгүй ариун байх, наминчилж ариусгахын хооронд асар том зөрүү бий. Энэ тухай Бодисадвагийн төвшин-д:
Үндсэн алдаа гаргавал дахин бодисадвагийн сахил хүртэн засаж болдог. Гэвч энэ яваа насандаа бодисадвагийн дээд төвшний эхний чанарыг ч эзэмшиж чадахгүй.
хэмээсэн байдаг.
Гэмээ наминчлан алдаагаа засаж болох ч бодисадвагийн Тэвчээрийн төвшинд хүрэхийн тулд арван галав шаардагдана. Энэ талаар Алдаа эндэгдлийн хураангуй судар-т:
Идэрхэн Манзушри: “Будда минь, хэн нэгэн бусдад уруу татагдан номлол зөрчвөл яах вэ? Будда минь, энэ насандаа алдаагаа хэрхэн засах вэ?” гэж асуужээ. Будда хариуд нь: Манзушри минь, долоон жил өдөрт гурвантаа гэм буруугаа хүлээж наминчилсны дараа арилах болно. Тэгээд хамгийн түргэндээ арван галвын дараа Тэвчээрийн төвшинд хүрнэ.
гэж өгүүлсэн байна.
Өөрийгөө ариусгана гэдэг гарах байсан зовлонт үр дагаврыг арилгаж байгаа хэрэг юм. Харин нүглээ арилгахгүй бол гэгээрлийн сургаалыг өөрийн болгоход маш их цаг ордог. Тиймээс анхнаас нь сэтгэлээ сэвтээхгүйг хичээгээрэй. Оюунлаг хүмүүс аминд нь тулсан ч санаатай алдаа эндэгдэл өчүүхэн ч гаргадаггүй юм гэж Будда хэлсэн билээ. Наминчилж ариусгах, ариун явах хоёр ялгаагүй бол энэ үгийн хэрэг алга. Өдөр тутмын амьдралд ч ийм жишээ олон. Гар, хөлөө гэмтээвэл эдгээж болно. Харин огт гэмтээхгүй байх нь түүнээс эрс ялгаатай. Тиймээс сэтгэлээ сэвтээхгүйг хичээх нь зүйтэй бөгөөд энэ тухай Цоморлиг-т:
Үнэний оронд хуурмагийг үйлдэж
Үзтэл зөв номлолтой тэрслэгч
Үхэхээс айж, үйлээс шантарч
Үргэлж сэтгэлдээ дагжиж явах нь
Салах дөхсөн сал онгоцоор
Салхи давалгаат далайд хөвөгчийн
Санааны гүнд сүйрлийн айдас
Салахгүй дагаж, мөрдөн хөөх мэт.
Аливаа гавъаг хичээн үйлдэж
Адаг муугаас дөлж, жигширч
Айсуй үхлийг юманд бодохгүй
Амар түвшин аж төрөх нь
Сайн гараар зөв бүтсэн
Сайхан бөгөөд бат онгоцоор
Санаа амар далайд хөвж
Сар хоногоор аялагчид мэт ээ.
хэмээн зүйрлэжээ.
Эхний хоёр бадагт дурьдсан шиг бүү яв, харин дараагийн хоёр бадагт өгүүлснийг л дага. Ухаарахгүй хүнд хэдий зөв зүйтэй үг хэллээ ч төдий л хэрэг нь гардаггүй. Харин номлолын талаар шалихгүй мэдлэгтэй ч мэдснийгээ дагаж мөрдөж чадвал маш их хэрэг болно. Цоморлиг-оос:
Амнаас унах үгс ухаантай ч
Алмай хэнэггүй зантай аваас
Ашигтай зөв дадал суртлыг
Аминдаа шингээх хувь дутах нь
Аминыхаа толгойд бухалтай атлаа
Амьтны толгой дахь бутыг шагшигч
Ахиж дэвжихгүй шалихгүй цэцний
Амны зугаа намтар мэт ээ.
Цэцэн ухаалаг үг яриагүй ч
Чин үнэнээсээ номлолоо дагагчид
Шунал мунхаг уураа дараад
Шууд зөвдөхийн зам нээлттэй.
Сэрэмжтэй гэлэн айдасгүй баясгалантай ч
Сэхээгүй хэнэггүйчүүдийн өмнөөс түгшинэ
Сайн заяаг өөрөө олоод зогсохгүй
Саар муугаас бусдыг гэтэлгэх нь
Шандас тэнхээт үлэмж заан
Шавар намгийг гэтэлдэг бөгөөд
Шаварт бас сорогдон живэгчийг
Шалав татан аврахын адил аа.
Сэрэмжтэй гэлэн айдасгүй баясгалантай ч
Сэрэмжгүй мунхагийн өмнөөс энэлээд
Сэтгэлд нь бугших гэм нүглүүдийг нь
Сэгсэрч унагаад өөд татах нь
Намар оройн шаргал улиас
Намуун салхины нэгэн үлээлтээр
Хатсан навчаа цөмийг гөвөөд
Хамгаас цэвэршин нүцгэрэх мэт ээ.
Үйл, үр дагавар хоёр хоорондоо харилцан уялдаа холбоотой. Энэ жам ёсыг мэдэх нь амьтан бүхний тусыг бүтээх гэсэн хөлгөн бүхний ганц суурь мөн.
Анддаа илгээсэн захидал-аас:
Төрлийн дээд чөлөөг эрмэлзвээс
Төгс үнэн үзлийг хичээгтүн
Төгөлдөр журамтай ч үзэл эндүү бол
Төөрч будилаад үрийг нь эдэлнэ.
Эндээс жишээ авч Үргэлж санаж сэрэх, Цэцэн тэнэгийн үлгэр, Зуун үйл, Бодисадвагийн зуун домог, Ёс зүйн тухай өгүүлэл болон Буддагийн бусад зарлигийг судла.
Үйлийн үрийн сургаал амин чухал гэдгийг санаж тууштай, гуйвшгүй итгэл үнэмшилтэй бол.
Эхийг шивж бэлтгэсэн.
Ц.Нармандах
Эх сурвалж:
Сэтгэгдэл оруулах: