Эхлэл
Бурханы шашин
Мэдээ нийтлэл
Бясалгал
Аудио
Видео
Бяцхан Будда
Хандив
Хэлэлцүүлэг 
Холбоо барих 
Сайтын тухай
Ангилал
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ
МОНГОЛЫН БУДДИЗМ
СУДАР ТАРНИЙН ДЭЭЖИС
ӨДӨР ТУТМЫН АРИУСАЛ
БУДДЫН СУРГААЛ
БУДДЫН ЗАН ҮЙЛ
ЕРӨӨЛ, ЗАЛБИРАЛ
БУДДЫН ГЭГЭЭНТЭН МЭРГЭДҮҮД
БУСАД ЭХ СУРВАЛЖ
Статистик мэдээлэл
Хандив
БОДЬ МӨРИЙН ЗЭРЭГ буюу гэгээрэлд хүрэх зам: Бүлэг ХIV - ҮЙЛИЙН ҮРИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ
Мэдээ оруулсан: Админ
Огноо: 5/11/2010
Б” Үйлийн үрийн төрөл зүйлийн ялгааг эргэцүүлэх
Үйлийн үрийн төрөл зүйлийн ялгааг хоёр хэсгээр тайлбарлана.
Үйлийн арван хэлбэр гол зарчим болох нь
Үйл ба түүний үр дагаврын уялдаа холбоо
1” Үйлийн арван хэлбэр гол зарчим болох нь
Асуулт: Жаргал, зовлон бүхэн өөр өөрийн шалтгаантай. Хийсэн үйл өсч үрждэг. Хийгээгүй үйлийн үрийг амсахгүй. Мөн хийсэн үйл хорогдож багасдаггүй зэргийг мэдлээ. Харин үйлийн үрийн ямар хуулийг эхэлж судлах вэ? Хэрхэн зөв алхам хтйх вэ?
Хариулт: Бие, хэл, сэтгэл гурваар хийсэн зөв, буруу бүх үйлийг арав болгон хураангуйлах аргагүй. Гэхдээ Будда гол гол зөв, буруу үйл болон засашгүй том нүглүүдийг тоймлон “арван хар нүгэл” гэж томъёолжээ. Мөн тэдгээр арван нүглээс цээрлэх гол зарчмыг хураангуйлан “арван цагаан буян” гэж номлосон юм. Түүнийг нь арван зөв зүлй гэдэг. Авхидхармакоша-д:
Алив үйлүүдийн голыг олоод
Алмай нь хүртэл ялгахаар болгоод
Аль нь зөв, буруугаар нь ялгаад
“Арван үйл” хэмээн сургажээ.
Ёс зүйн тайлбар-т:
Бурууг хэлэлгүй үгээ цэнээд
Бусармаг саналгүй сэтгэлээ цэвэрлээд
Булхайг хийлгүй үйлээ ариусгаад
Буддагийн заасан замыг олцгоо.
гэх зэргээр заажээ.
Арван буруу үйлийн үрийг ухамсарлавал бүх сэдлийг нь ч дарж болдог. Тэгвэл бие, хэл, сэтгэлээрээ арван зөв үйл хийж, буруу бүхнээс сална. Энэ бол гурван хөлгөн, хүний хоёр зорилгыг биелүүлэхийн гол үндэс нь юм. Тиймээс ч Будда үүнийг ихэд сайшаажээ. Далайн эзэн лусын хааны асуултанд хариулсан судар-т:
Буян ном, буяны үйл гэдэг бол тэнгэр, хүн бүгдийн сайн сайхан бүхнийг цогцлоох үндэс гэж би хэлнэ. Бас Шарвага, брадига нарын гэгээрэлд хүрэх үндэс мөн. Мөн төгс гэгээрлийн үндэс юм. Тэр үндэс нь чухам юу вэ? Тэр бол арван цагаан буян юм.
гээд цааш нь:
Лусын эзэн минь, жишээ авъя. Бүх хот тосгон, гацаа суурин, улс гүрэн, хаадын харш газар дээр тогтдог. Мөн хамаг өвс ургамал, ой мод, навч цэцэг, эмийн ургамал ч газраас ургадаг. Бас бүх ахуй амьдрал, түүний эд баялаг, тариа ногоо энэ бүхнийг өгдөг тариан талбай ч бүгд газартай холбоотой. Энэ бүхний үндэс нь газар билээ. Лусын эзэн. Үүнтэй адил арван цагаан буян хийвэл тэнгэр ба хүн болж төрөх, зөв дадлын үр шимийг хүртэхэд суралцах, улмаар бүрэн төгс эзэмшсэний үрийг олно. Брадига нарын гэгээрэл, бодисадвагийн бүх үйл хэрэг, төгс гэгээрсэн буддагийн төвшинд хүрэх үндэс юм.
хэмээн сургажээ.
Чандракирти Төв үзлийн тайлбар номдоо Арван төвшин-д заасан арван буруу үйлийг цээрлэх, ёс зүйг хөхүүлэн магтаж, товчхон байдлаар:
Эгэл хүмүүн шарвага, брадига, бодисадва нарын хүрсэн
Эгэлгүй нирваан, дээд төрлийн үндэс нь ёс суртахуунаас өөр юу ч биш
хэмээн сургажээ.
Ядахдаа ёс зүйн ганц нэг журам сахиж мөрдье гэж боддоггүй хэрнээ “Би бол их хөлгөнтөн” гэж ярих хүн бий. Энэ бол үнэхээр гутамшиг. Кшимигарбхигийн судар-т:
Эдгээр арван буянд суралцах заавар журмыг дагаж гэгээрэлд хүрнэ. Амьд явах хугацаандаа арван буянаас ганцыг ч дагаагүй хэрнээ “Би их хөлгөнтөн. Би төгс гэгээрэлд тэмүүлж байна” гэж ярьдаг. Энэ бол бүх Ялгуулсан гэгээрэгч нарын нүдний өмнө ертөнцийг хуурагч худалч, ёс жудаггүй амьтан. Яах аргагүй бүхнийг үгүйсгэгч үзэлтэн мөн. Ингэж тэнэглэсээр үхэхийн цагт буруу тийшээ явдаг.
гэсэн байдаг.
“Буруу тийшээ явах” нь муу заяа гэсэн утгатай байдгийг үргэлж бодож байгаарай.
2” Үйл ба түүний үр дагаврын уялдаа холбоо
Үйл ба түүний үр дагаврын уялдаа холбоог гурван зүйлээр тайлбарлана:
Нүгэл ба түүний үр дагавар
Буян ба түүний үр шим
Үйлийн үрийн бусад ангилал
1- Нүгэл ба түүний үр дагавар
Үүнийг гурван хэсгээр тайлбарлана:
Жинхэнэ нүгэл
Нүглийн хүнд, хөнгөний ялгаа
Үр дагаврын тайлбар
А, Жинхэнэ нүгэл
1.Амь таслах
Амь таслах гэж юу вэ? Хураангуй заавар журам-д өгөгдөл, бодол, сэдэл, сэтгэлийн гэм, төгсгөл гэсэн таван зүйлээр тодорхойлогдсон байдаг. Гэхдээ дундах гурвыг нь санаанд багтааж үйлдлийг нь нэмбэл өгөгдөл, санаа, үйлдэл, төгсгөл гэсэн дөрөв зүйлээр томъёолж болно. Тэгвэл ойлгоход хялбар бөгөөд Асангагийн тодорхойлсноос ч зөрөхгүй.
Амь таслах өгөгдөл нь амьд амьтан юм. Асангагийн Ёогд суралцах дараалал-д “өөрөөс бусад” буюу “өөр амьтан” гэж тодорхойлсон байдаг. Харинамиа хорлох нь үйлдлийн хувьд хилэнцтэй боловч төгсгөлд нь бий болдог санаа төрөхгүй гэж үздэг. Санаа нь бодол, сэдэл, сэтгэлийн гэм гэсэн гурван зүйл байна.
Бодол нь доорх дөрвөн хэлбэртэй байна.
Өгөгдөл болох амьтныг амьтан гэж бодох
Эсвэл түүнийг амьтан биш гэж бодох
Амьгүй зүйлийг амьтан гэж бодох
Эхний ба гурав дахь бодол нь эндүүрээгүй, харин хоёр ба дөрөвдүгээр бодол нь эндүүрэл болно.
Амь таслах тодорхой бодолтой байдаг. Жишээлбэл, зөвхөн Дэвадаттаг ална гэсэн тодорхой бодолтой байж. Гэтэл эндүүрээд Яжнадаттаг албал буруу өгөгдөлтэй аллага болно. Тодорхой чиглэсэн бодолтой үед эндүүрэх ёсгүй. Харин аль таарсныг нь ална гэдэг ерөнхий бодолтой бол эндүүрэлгүй бодол хэрэггүй. Энэ зарчмыг бусад есөн үйл тухай бүрд зохицуулан ойлгох хэрэгтэй.
Сэтгэлийн гэм нь гурван хорын аль нэгээс үүснэ. Харин сэдэл нь алах хүсэл юм. Энд үйлдэгч болон үйлдэх хэлбэр гэсэн хоёр зүйл байна. Өөрөө эсвэл бусдыг турхирсан аль нь ч ялгаагүй үйлдэгч болно. Үйлдэх хэрэгсэл нь мэс, хор, хараалын шившлэг гэх мэт янз бүр байж болно.Амь таслах үйлдлийн төгсгөлд цаад амьтан тэр дороо эсвэл хожим үхнэ. Авхидхармакоша:
Алуурчин хохирогчоосоо өмнө эсвэл хамт үхвэл жинхэнэ алллага биш. Учир нь алуурчин өөр төрөл авсан байдаг.
гэсэн байдаг. Үүнтэй санал нэг байна.
2.Эс өгснийг авах
Бусдын эзэмшиж буй эд зүйл бол эс өгснийг авахын өгөгдөл юм.
Санаа нь гурван хэлбэртэй бөгөөд бодол ба сэтгэлийн гэм нь дээрхтэй адил. Сэдэл нь бусдын зүйлийг зөвшөөрөлгүй авах хүсэл юм. Үйлдлийг гүйцэтгэгч нь өмнөхтэй адил. Харин булаах ба мэдэгдэлгүй хулгайлахын аль аль нь эс өгснийг авсан хэрэг мөн. Мөн зээлснээ эргүүлж өгөхгүй байх, хадгалуулсан зүйлийг нь шамшигдуулах, луйвардах, хууран мэхлэх зэрэг аргаар өөрийн болгох ч үүнд хамаарна. Өөрөө ашиглах эсвэл бусдад ашиглуулах мөн дайснаа хорлох үүднээс авсан байлаа ч хулгайд тооцогдоно.
Хураангуй заавар журам-д “ Өөр газарт шилжүүлэх” гэж төгсгөлийг нь тодорхойлсон байдаг. Энэ тодорхойлолт тэр бүр таараад байдаггүй. Эд зүйлийг өөр газар шилжүүлнэ гэдэг нь зөвхөн тодорхой нэг тохиолдлоор жишээ татсан хэрэг. Харин тариан талбай гэх мэтийг өөр тийш нь зөөх бололцоогүй. Тиймээс эцэст нь орхиход хүрдэг. Ер нь бол бусдын эд зүйлийг эзэмшинэ гэсэн үг. Бусдыг хулгай дээрэмд өдөөн хатгасан бол мөн эс өгснийг авсанд тооцогдоно. Жишээлбэл, бусдаар хэн нэгнийг алуулсан хүн хохирогч нь үхэнгүүт тэр тухай мэдээгүй байсан ч жинхэнэ амь тасалсан нүгэлтэн болдогтой адил.
3.Буруу хурьцал
Буруу хурьцлын өгөгдөл нь зохисгүй хүн, зохисгүй эрхтэн, зохисгүй газар, зохисгүй цаг үе гэсэн дөрвөн зүйл байна. Хурьцахад зохимжгүй хүн гэдэгт хурьцах боломжгүй эмэгтэйчүүд, бүх эрчүүд мөн манингууд багтана. Үүнээс эмэгтэйчүүдийн талаар заавар журам-д:
Өөрийн эх болон эхийн халамжинд байгаа зэрэг сударт заасан хүнтэй хурьцаж болохгүй.
Ашвагхоша энэ талаар:
Бусдын эмтэй хурьцах зохисгүй
Бурсан хуврагтай хурьцах ёсгүй
Халамжийн хүнтэйгээ хурьцах зохимжгүй
Хааны цаазтай бол хурьцах зохимжгүй
Хэн нэгэн мөнгөө төлсөн
Хэрэглэгч эмийг ашиглах зохисгүй
Хэзээд өөрийн ураг төрөлтэй
Хэрхэвч ойртон хурьцаж болохгүй.
гэсэн байдаг.
“Бусдын эм” гэдэг нь бусдын эхнэр. “Бурсан хувраг” бол эмэгтэй хувраг юм. “Халамжийн хүн” хэмээх нь хадамд гараагүй, өөрийн эцэг эх зэрэг хамаатан садан, хадам эх эцэг, бараа бологч нарын хараанд байгаа гэсэн үг. Эсвэл журам сахисан эмэгтэй юм. “Хааны цаазтай” гэдэг нь хавьтаж ойртохыг хорьсон хууль цааз. Мөн бусдын мөнгө төлж авсан эмтэй хавьтвал буруу хурьцалд тооцогдоно. Харин өөрөө мөнгөө төлсөн бол буруу хурьцал биш гэж үздэг. Адиша ч мөн ингэж үзжээ.
“Хурьцахад зохисгүй эр хүнд” өөрөө болон бусад эрэгтэй хүмүүс багтана.
Үтрээнээс бусад эрхтэн нь хурьцахад зохисгүй эрхтэн юм. Энэ тухай Ашвагхоса:
Ам, хошного руу хурьцах нь зохисгүй
Аарцаг, салтаа руу хурьцах зохисгүй
Ар өгзөг рүү хурьцах нь зохисгүй
Аль нэг эрхтнээр орлуулах нь зохисгүй
хэмээн өгүүлжээ.
Энэ нь Адишагийн хэлсэнтэй ч таардаг юм:
Ам, хошного, жаахан охин, хөвгүүний урд хойд сүв, өөрийн гар нь хурьцахад зохимжгүй эрхтэн.
Багш болон сүм хийд, суврага шүтээний ойролцоо мөн олны нүдэн дээр хурьцах бас хавьтахад эвгүй хазгай муруй, хайрга чулуутай бол хурьцахад зохисгүй газар болно. Энэ тухай Ашвагхоса:
Бурханы хийдэд хурьцалдахад зохисгүй
Буяны сувраг дор хурьцалдах зохисгүй
Эрхэм багшийн нүднээ хурьцахгүй
Эцэг эхээс нуулгүй хурьцахгүй.
гэж заажээ.
Адиша ч мөн ингэж хэлсэн байдаг.
Сарын тэмдэг ирсэн, жирэмсний сүүлийн сар, хөхүүл хүүхэдтэй байхад, нэг хоногийн сахилтай, хавьтах боломжгүй өвчтэй бол хурьцахад зохисгүй үе юм. Мөн тоог нь хэтрүүлж болохгүй. Нэг удаа хурьцах дээд хязгаар тав байна. Энэ тухай Ашвагхоса:
Сарын тэмдэг ирэхэд хурьцахгүй
Саванд үр олдоход хурьцахгүй
Үр нь нялх бол эхтэй нь хурьцахгүй
Үнэхээр дургүй бол хэнтэй ч хурьцахгүй
Энэлж шаналах өвчтөнтэй хурьцахгүй
Эгээрч гансран уймрагчтай хурьцахгүй
Энд бас нэг хоногийн найман сахилыг
Эрхбиш үйлдэгчтэй хурьцаж таарахгүй.
гэж өгүүлсэн байдаг.
Адиша ч мөн ингэж үзсэн бөгөөд ялгаа нь өдрийн цагийг хурьцахад зохисгүй газар, зохисгүй үед хавьтвал мөн буруу хурьцал болно. Тиймээс бусад хүнтэй хурьцах тухай ярих хэрэггүй бизээ.
Санааны хувьд бодол, сэтгэлийн гэм, сэдэл гэсэн гурван зүйл бий. Бодлын тухай Хураангуй заавар журам-д “Энэ бол тэр мөн” гэж эндүүрээгүй бол гэм буруутайд тооцно гэсэн байдаг. Харин Ёс зүй-д эндүүрсэн, эндүүрээгүй бодлын аль нь ч адилхан завхайрал гэжээ.
Харин Авхидхармакошагийн тайлбар-т бодлоос нь хамаарч нүгэл болох болохгүй хоёр тохиолдол байна гэсэн байдаг. Өөрийн эхнэр гэж андуураад бусдын эхнэртэй хавьтсан бол буруу хурьцал биш. Харин бусдын эхнэрийг андууралгүй хавьтвал буруу үйл болно гэж Васубандху тайлбарласан байна.
Сэтгэлийн гэм нь гурван хорын аль нэг юм. Сэдэл нь зүй бусаар хавьтах хүсэл. Үйлдлийн тухайд Хураангуй заавар журам-д бусдыг завхайралд уруу татсан хүн буруу хурьцал хийсэн гэм буруутай болно гэжээ. Харин Абхидхармакошагийн тайлбар –т: үүнийг жинхэнэ буруу үйл биш гэсэн байдаг. Бусдын хатгалганд автсан бол алдаанд тооцохгүй гэж Асанга үзсэн эсэхийг нь шүүн тунгаагаарай. Төгсгөлд нь хоёр хүний хоёр бэлгэ эрхтэн нийлнэ.
4.Худлаа ярих
Худлаа ярихын өгөгдөл нь харсан, сонссон, хүртэж мэдэрсэн, сайн ойлгосон эсвэл хараагүй, сонсоогүй, хүртэж мэдрээгүй, огт ойлгоогүй юмс үзэгдэл юм. Мэхлэгдэгч нь хэлсэн зүйлийг ойлгох чадвартай амьтан.
Санаа нь харснаа хараагүй, хараагүй атлаа харсан гэх мэтээр бодит байдлыг өөрчлөх юм. Сэтгэлийн гэм нь гурван хор. Сэдэл нь байдлыг өөрөөр илэрхийлэх юм.
Үйлдэл нь үг дуугарах эсвэл дуугүй зөвшөөрөх мөн биеэр дохио зангаа хийсэн байж болно. Өөрийн болон бусдын тусын тулд худлаа хэлэх ч ялгаагүй гэсэн байдаг. Мөн бусдыг худал хэлүүлэх, хов зөөлгөх, ширүүн үг хэлүүлэх гурав нь тэр үйлдлийг хийсэнтэй адил үр дагавартай гэжээ. Васубандху Абхидхармакошагийн тайлбар-таа хэлний дөрвөн нүглийг дөрвүүлэнг нь бусдаар хийлгэсэн бол нүгэлт үйлд тооцно гэсэн байна. Харин Ёс зүй-д зөвхөн өөрөө хэлсэн тохиолдолд жинхэнэ нүгэл болно гэж үздэг.
Нөгөө этгээд хэлсэн үгэнд итгэснээр худлаа хэлэх үйлийн төгсгөл бий болно. Ийм төгсгөл нь гараагүй бол чалчсанд тооцно гэж Абхидхармакошагийн тайлбар-т бичжээ. Мөн хов ярих, ширүүн үг нь тухайн төгсгөлдөө хүрээгүй бол чалчсан болдог.
5.Хов ярих
Хов ярих өгөгдөл нь хоорондоо эвтэй ба дайсагналцсан амьтан. Санааны гурван зүйлийн бодол, сэтгэлийн гэм хоёр нь өмнөхтэй ижил. Харин эв эвдрүүлэх ба эвдрэлцснийг улам хүндрүүлэх нь хов ярих сэдэл юм. Үйлдэл нь худал үнэн ярихын аль нь ч байж болно. Мөн сайн муугаар хэлж дайсагналцуулах, эвдэрэлцүүлэх, бусдын болон өөрийн тусын тулд хов ярих ч үүнд хамаарна. Хураангуй заавар журам-д “Эвдэрэлцүүлсэн гэдгээ ухамсарлавал” төгсгөл болно гэсэн бөгөөд салгах үг хэлсэн болохоо өөрөө ойлгож байх явдал юм.
6.Ширүүн үг хэлэх
Ширүүн үг хэлэх өгөгдөл нь хорсол занал төрүүлэх амьтан юм. Санааны бодол, сэтгэлийн гэм нь дээрхтэй адил. Сэдэл нь ширүүн үг хэлэх хүсэл.
Гарал угсаа, бие махбод, ёс суртахуун, ааш зангийх нь дутагдалтай холбоотой худал, үнэн таагүй зангийх нь дутагдалтай холбоотой худал, үнэн таагүй зүйл яривал үйлдэл болно.
Хураангуй заавар журам-д “Хэн нэгэнд ширүүн хэлбэл төгсгөл нь бүрдэнэ” гэсэн байна. Харин ширүүн үгийг нь сонссон хүн ойлгосон байх ёстой гэж Абхидхармакошагийн тайлбар-т өгүүлжээ.
7.Чалчих
Ямар нэг утгатай болон огт авцалдаагүй яриа нь чалчих өгөгдөл юм. Санаа нь гурван янз. Асанга бодлыг нь “чалчиж буйгаа мэдэх” гэхээс илүү зүйл хэлээгүй байна. Энэ нь бодож байгаа зүйлээ ярихын нэр мөн боловч цаад хүн нь заавал ойлгосон байх албагүй.
Сэтгэлийн гэм нь сэтгэлийн гурван хорын нэг байна. Сэдэл нь утга учиргүй, дэмий хоосон ярих хүсэл. Чалчиж эхэлснээр үйлдэл хийгдэнэ. Харин чалчаа яриа нь дуусвал төгсгөлдөө хүрнэ. Чалчих нь долоон төрлөөр илэрнэ.
Хэрүүл хийх, мууг нь дуудах, маргах, яс хаях
Буддын бус ном шастир, бярманы нууц тарнид баясах, мөн түүнд орох, түгээн дэлгэрүүлэх
Ядарсан дуугаар гаслах, хашгирах
Инээх, тоглоом шоглоом хийх, алиа марзан үйл ярих
Хаад, түшмэд болон улс гүрэн, хулгайч дээрэмчин мэтийн үймээн самууны тухай ярих
Согтуу галзуу мэт ярих
Буруу аргаар амьдардаг хэн нэгний тухай ярих
Утга авцалдаагүй, номлолд харш, учир холбогдолгүй ярианы эхлэл төгсгөл нь хоорондоо ямар ч холбоогүй байдаг. Сэтгэлийн гэм дэврээсэн тоглоом наадам, инээдэм наргиан, жүжгийн үг хэллэг ч үүнд багтана.
Үүний эхний гурвыг нь хэлний нүгэлд тооцно, тооцохгүй гэсэн хоёр байр суурь бий. Би энд эхнийхийг нь авлаа.
8.Шунаг зан
Шунаг зангийн өгөгдөл нь бусдын эд хөрөнгө. Санаа нь дээрх гурван зүйл болох бөгөөд бодол нь төөрөлдөөгүй байх ёстой. Сэтгэлийн гэм нь гурван хорын аль нэг байна. Сэдэл нь өөрийн болгох гэсэн хүсэл юм.
Үйлдэл нь хүссэн зүйлээ өөрийн болгох оролдлого. “Энэ минийх боллоо” гэж бодсоноор төгсгөлдөө хүрнэ. Харин Асанга “энэ юм минийх болох болтугай” гэдэг бодлыг төгсгөл гэсэн байна. Шунаг зан дараах таван шинжээр бүрэн илэрдэг:
1, Өөрийн эд хөрөнгөндөө маш их харам байх
2, Хөрөнгө хогшил цуглуулах хомхой зантай байх
3, Бусдын сайхан юмыг байнга бодон хорхойсох
4, Бусдын аливаа бүхэн минийх болоосой гэдэг атаархуу бодол
5, Шунагтаа хөтлөгдөн ичих нүүрээ гээж, гэм зэмийг нь ойлгохгүй бүрэн автах
Энэ тавын аль нэг нь төрөөгүй бол жинхэнэ шунаг зан гэж үзэхгүй. Энэ таван бодол арван хар нүгэлд шууд багтана гэж Ёогд суралцах дараалал-д өгүүлжээ.
Харин дараах бодлууд нь жинхэнэ шунаг занд хамаарахгүй:
“Энэ айлын эзэн миний боол болж, хүссэнийг минь хийвэл юутай сайхан”
“Бас эхнэр, хүүхэд болон хоол унд, эд хөрөнгөнийх нь тухай ингэж бодох
“Намайг шунал багатай, энэ орчлонгийн амьдралаас нүүр буруулсан, хичээл зүтгэлтэй, мэдлэгтэй, өгөөмөр чанартай гэж бусад хүн мэдвэл юутай сайхан”
“Намайг ихэс дээдэс, дөрвөн зүйлийн сахилтан хуврагууд хүндлэн хоол, хувцас мэтийг өгвөл юутай сайхан”
Мөн “Би хойд насандаа таван тансаг таашаалд умбасан тэнгэр болж төрхсөн. Бас Раудра, Вишнү тэнгэрийн орноос “Хувилгаан шидийг эрхшээгч””ийн төвшинд төрөхсөн”
“Эцэг, эх, хүүхэд, эхнэр, боол болон хуврагуудын эд зүйлийг эзэмших хүсэл
9.Үзэн ядах
Үзэн ядах өгөгдөл, бодол, сэтгэлийн гэм гурав нь ширүүн үгийнхтэй адил. Сэдэл нь зодох, цохих зэрэг хүсэл. Мөн “ Бусдыг алж, хүлэхэд яадаг юм, эд хөрөнгө, эрүүл мэнд нь доройтоосой” гэдэг бодол нь үзэн ядах нүшэл болно.
Тэрхүү санаагаа гүйцэлдүүлбэл үйлдэл болно.Зодож, нүдэх зэргээр төгсгөлдөө хүрнэ. Мөн доорх таван нөхцөл бүрдвэл жинхэнэ үзэн ядалт гэж үздэг. Харин аль нэг нь илрээгүй бол жинхэнэ үзэн ядалт биш:
Үзэн ядахаас аргагүй шалтгаан, байр байдалд уурлах
Хор хөнөөл учруулахад тэвчээр алдагдах
Зүй бус зүйлд уурлах шалтгааныг сэтгэлдээ хадгалан ахин дахин бодож өс санах
“Яагаад зодож, алж болдоггүй юм бэ?” гэж өсөрхөн бодох
Ичгүүрээ алдан, гэм зэмийг нь ухамсарлахаа больж, хорлох сэтгэлээ барих чадваргүй болох
Мөн үзэн ядалт нь санаа төдий байж болно. “Энэ надад гай тарьсан” гэж нөгөө этгээдийг хорлох санаа хэдий хэмжээнд агуулна, төдий чинээ үзэн ядалтын хилэнц хэмжээнд хураана. Бас бусдын одоогийн садан төрөл, эд хөрөнгө, сайн чанар зэрэг зүйлс нь дордоосой, түүнчлэн хойд насандаа муу заяанд төрөөсэй гэдэг хүсэл ч үзэн ядалтад багтана.
10.Буруу үзэл
Буруу үзлийн өгөгдөл нь оршин буй юмс. Санаа нь дээрхтэй адил гурван төрөл. Бодол нь үгүйсгэх үзэл санаандаа үнэмшсэн байна. Сэтгэлийн гэм нь гурван хорын аль нэг. Сэдэл нь үгүйсгэх хүсэл.
Үгүйсгэх тухай бодвол үйл болно. Энэ нь шалтгаан, үр дагавар, үйл хөдлөл болон бодит оршихуйг үгүйсгэсэн дөрвөн төрөл байна. Буян, нүгэл зэрэг зүйл байхгүй гэх нь шалтгааныг үгүйсгэж буй хэрэг. Харин энэ хоёрт хожмын нөлөө байхгүй гэдэг бодол бол үр дагаврыг үгүйсгэж буй явдал юм.
Үйл хөдлөлийг үгүйсгэх бодол нь гурван төрөл байна:
1, Үр тогтож бойжих үйл явцыг үгүйсгэх нь “эцэг, эх байхгүй” гэж бодохтой адил буруу
2, Ирэх, буцах үйл явцыг үгүйсгэх нь “хойд, урд төрөл байхгүй” гэж бодохтой адил
3, Эргэн төрөх үйл явцыг үгүйсгэх нь “хувилгаан шидээр төрдөггүй гэж бодохтой адил буруу
Мөн оршин буйг үгүйсгэх нь архад байхгүй гэдэгтэй адил буруу үзэл.
Үгүйсгэсэн бодлоо илэрхийлснээр энэ үйлийн үр дүн гарна. Дараах таван хандлага ийм үр дүнд хүргэдэг:
Ухагдахууны бодит оршихуйг ойлгоогүй мунхаг сэтгэл
Хилэнц нүгэлд баясдаг хатуу сэтгэл
Алдаатай үзэл номлол баримтлан дагаж буруудсан сэтгэл
Өглөг өгөх, тахил өргөх, галаар ариусгах, сайн явдал зэргийг үгүйсгэдэг бүхнийг гутаах сэтгэл
Ичгүүр сонжуураа гээж, ямар гэм зэм учрахыг нь мэдэхгүй буруу үзэлдээ бүрэн автсан сэтгэл
Энэ таван хандлага бүрдвэл сая буруу үзэл болно.
Өөр буруу үзэл бий. Гэхдээ зөвхөн үүнийг буруу үзэл гэсэн нь бүх буяны үндсийг тасалж, ужид самуунд уруу татан муу бүхнийг хийлгэх гол үндэс болдог. Буруу үзэл нь бүхнээс хамгийн адгийнх нь учир энд багтаасан юм.
Амь таслах, ширүүн үг хэлэх болон үзэн ядах нь сэтгэлийн гурван хороор өдөөгдөөд уур хилэн тэдгээрийг дээд цэгт нь хүргэдэг. Хулгай, буруу хурьцал, шунаг зан нь мөн сэтгэлийн гурван хороор өдөөгддөг боловч зөвхөн хүсэл тачаалаар төгсгөлдөө хүрнэ. Худлаа ярих, хов ярих, чалчих гурвын өдөөгч болон төгсгөлд хүргэгчийн аль алинд нь сэтгэлийн гурван хорын хувь оролцоно. Басбуруу үзэл нь сэтгэлийн гурван хороор өдөөгддөг. Гэхдээ зөвхөн мунхагаар төгсгөлдөө хүрдэг юм.
Эдгээр арван нүглээс сэтгэлийн гурав нь үйл болдог ч үйлийн илэрхийлэгч биш. Бие, хэлээр дамжин гарах долоон үйлдэл нь үйлийг илэрхийлэгч болдог. Харин сэтгэлийн гурав нь үйл болохоос үйлийг илэрхийлэгч биш юм.
“ Нүглийн хүнд хөнгөний ялгаа
Энэ нь хоёр хэсэгтэй:
1.Үйлийн үр хураах замын ялгаа
2.Үйлийн үрийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг хүчин чадал
А”Үйлийн үр хураах замын ялгаа
Нүгэлт үйлийн уршгийг нэмэгдүүлдэг таван хүчин зүйл байдаг. Үүнийг амь таслахаар жишээлэн үзүүлье. Сэтгэлийн гурван хоронд хүчтэй автан санаатай амь тасалбал уршиг нь хүндэрдэг. Бусад буруу алхмыг үүнтэй жишин ойлгоорой.
Дараах үйлдлээр амь тасалбал уршиг нь улам нэмэгдэнэ.
Амь тасалсан, тасалж буй, таслах болсон зэрэгтээ баярлаж, бахархах
Өөрөө амь тасалж эсвэл бусдыг үүнд өдөөн хатгаж, магтах
Амь таслахыг хараад сэтгэл хөөрөх, удаан санан дурсах
Амь таслахдаа үргэлж баярлан нэг дор олноор нь хороох
Маш ихээр тарчлаан зовоож хороох
Айлган сүрдүүлж зүй бус зүйл хийлгээд амийг нь хороох
Зовсон , дорой буурай амьтныг амь гуйн өршөөл эрж байхад нь алах
Амь тасалсан гэмээ цайруулахгүй бол уршиг нь улам нэмэгдэнэ:
Өдөр тутам шашны сургаал дагахгүй бол
Хагас сар эсвэл шинийн найман, арван дарван, арван таван зэрэг өдрүүдэд нэг хоногийн сахил аваагүй. Мөн үе үе өглөг өгөх, буян хуримтлуулах, бясалгалд суух, гэмээ наминчлах, мөргөх, залбирах, сүсэглэх зэргийг хийгээгүй бол
Өдрөөс өдөрт ичиж зовон, гэмшихийг ухаарахгүй бол
Эгэл амьдралын шунал хүслээс ангижрах номлолыг дагахгүй, ойлгоогүй бол
Цусан тахилга үйлдэх буруу үзэлд хөтлөгдөн буян хийж байна хэмээн амь таслах буюу энэ ертөнцийг бүтээсэн эзэн мал адгуусыг нэгэнт хэрэглэх зориулалтаар бий болгосон, тиймээс тэднийг алсан ч гэм болохгүй гэх мэт буруу сэдлээр амь тасалбал уршиг нь улам нэмэгдэнэ.
Үйлийн өгөгдлөөс хамаарч уршиг нь улам нэмэгдэнэ. Том амьтан, хүн, хүний үр удам, эх эцэг, ах дүүсээ хөнөөх, багш тэргүүтэн өөрийг нь хайрладаг нэгэн, номлол заагч, бодисадва, архад, брадигаг хөнөөх, гэгээрэгсдийг хороож болохгүйг мэдсээр байж түүнийг санаатайгаар шархдуулах зэрэг үүнд хамаарна.
Энэ таваас өөр хүчин зүйлээр амь тасалбал уршиг нь арай хөнгөн байдаг.Бусад есөн буруу үйлийн уршгийг амь таслах нүглийн өгөгдлөөс бусад зүйлтэй нь жишин ойлгож болно. Эс өгснийг эвахын хувьд их хэмжээний сайн юм авах, бусдын итгэлийг ашиглах, ядуус, гуйлагчин, хувраг, буддын шашинтны эд зүйлийг булаах, үүцэж нөөцөлсөн зүйл авах, номлолд суралцагч,архад, брадига, хуврагийн хүрээ болон сувраганаас хулгай хийвэл өгөгдөл талаасаа уршиг нь нэмэгдэнэ.
Буруу хурьцах нь эх, ураг төрөл, дотно хүний эхнэр, гэлэнма, гэцүлма буюу эмэгтэй санваартан зэрэг хавьтахад зохисгүй эрхтнээр хурьцах, нэг хоногийн сахилтай, жирэмсний сүүлийн сар, өвдсөн мэт зохисгүй үед хавьтах, суврага болон хуврагийн орон байр хийд мэтийн зохисгү газар хурьцвал өгөгдлөөсөө шалтгаалан уршиг нь хүндэрдэг.
Төөрөгдүүлэх зорилгоор янз бүрээр худлаа ярих, эцэг эх, бүр гэгээрэгч, анд найз, садан төрөлдөө худлаа ярих болон амь таслах зэрэг гурван ноцтой үйл өдөөн худлаа хэлбэл өгөгдөл талаасаа уршиг нь нэмэгдэнэ. Мөн хуврагийн хүрээний эвийг эвдэх санаархлаар худлаа ярих нь хамгийн хүнд уршигтай үйл болдог.
Эртний нөхөрлөл, багш шавь, эцэг эх, үр хүүхэд, хуврагуудын эв эеийг эвдэх хов ярьсан бол өгөгдөл талаасаа уршиг нь нэмэгдэнэ. Мөн биеийн гурван буруу үйлд өдөөн хатгасан хов яривал уршиг ихтэй.
Эцэг эх, багш зэрэг хүмүүст ширүүн үг хэлэх, зөв ариун зүйлийг ор үндэсгүй хараан зүхэх мөн гүтгэх, загнах, доромжлох нь өгөгдлийн хувьд уршиг ихтэй байдаг.
Чалчих нь өгөгдөл талаасаа хэлний гурван буруу үйлтэй ижил уршигтай. Түүнээс гадна хэрүүл өдөх, бусдын булайг нь дэлгэх, маргалдуулан эвдрэлцүүлэх чалчаа үг их уршиг авчирна. Буддын бус номлолыг шохоорхон унших болон эх эцэг, төрөл садан, багш нараа муулах, өөлөх, доог тохуу хийж зүй бусаар ярих нь өгөгдөл талаасаа уршиг ихтэй.
Хувраг ба суврага шүтээний эд зүйлд шунах болон сайн талаа дөвийлгөн хаад ноёд ба ариун явдалтан, ухаантан сэхээтнүүд энэ талыг минь анзааран магтаж, өргөл өгөөсэй гэж шунаглавал ихээхэн уршигтай.
Эцэг эх, ураг төрөл, багшдаа өс санах, гэмгүй, гуйлагчин дорой, өр нимгэн хүнийг хорлох сэтгэл агуулах, тэрчлэн үнэн голоосоо буруугаа хүлээсн хүнд өс санах нь үзэн ядах өгөгдөл талаасаа их уршигтай.
Дээр өгүүлсэн бүхнийг үгүйсгэх нь буруу үзлийн өгөгдөл талаасаа ихээхэн уршиг дагуулна. Бусад буруу үзлээсээ илүү их уршигтай байдаг. Мөн ертөнцөд төгс гэгээрсэн архад болон үнэний замаар замнагч, үнэний замд хүрсэн хүн байхгүй гэдэг үзэл ч уршиг ихтэй. Харин энэ бүхнээс бусад буруу үзлийн уршиг бага.
Төвшний тодорхой үндэслэл-д үйлийн уршгийг зургаан зүйлээр эрэмбэлэн жагсаасан байдаг:
Хүчтэй сэдэл: Энэ бол сэтгэлийн гурван гэмээр өдөөгдсөн эсвэл өдөөгдөөгүй ч маш хүчтэй илрэх үйлдэл юм.
Дадал: гэдэг нь буян, нүглийг тухайлан удаан хугацаанд олон дахин давтаж зуршил болсон үйлдэл юм.
Шинж чанар: Бие, хэлний долоон үйлийн уршиг хойноосоо урагшлах тусам улам хүндэрнэ. Харин сэтгэлийн гурван үйлийн уршиг нь урдаасаа хойшлох тусам нэмэгдэнэ.
Суурь өгөгдөл: Будда, номлол, хувраг болон түүнтэй зүйрлэх нэгнийг хорлох эсвэл туслах буюу тийм үйлэнд хамжилцах
Буруу хандлага тогтоох: Үхэн үхтлээ зөвхөн нүгэл хийж, ганц ч буян хийхгүй байх явдал
Тогтсон буруу хандлагаа өөрчлөх: Нүглийг цээрлэн хүсэл шуналаас ангижран буян хийх.
Анддаа илгээсэн захидал-д:
Үргэлжид санаашран, сэтгэлийн жолоо алдаж
Үзүүргүй хүслээр тэлүүлсэн ямар ч үйл адилхан
Үнэхээр гол таван чанар болж эгнэгт цогцлох тул
Үзтэл буян болох зөвүүдийг нь сонгон дадал болго
гэсэн байдаг.
“Гол таван чанар” хөгжүүлэх дээр гурван өгөгдөл дээр эрхэм Гурван эрдэнэ зэрэг эрхэм чанарт өгөгдөл ба эцэг эх зэрэг ач тус ихтэй хоёрыг нэмбэл нийт таван зүйл болно.
б” Үйлийн үрийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг хүчин зүйл
Үйлийн үрийг нэмэгдүүлэхэх нөлөөлдөг хүчин зүйлийг дөрвөн хэсгээр тайлбарлана.
1” Өгөгдлөөс хамааран үйлийн хүч нэмэгдэх
Эрхэм Гурван эрдэнэ, багш, багштай эн тэнцүү нэгэн, эцэг эхдээ хүчтэй сэдэлгүй боловч өчүүхэн төдий тусалбал их буян хураадаг. Харин хор хөнөөл учруулбал маш их нүгэл хураана. Гайхамшигт номлолыг үргэлж санах судар-т энэ талаар өгүүлэхдээ:
Будда, номлол, хуврагийн өчүүхэн зүйлийг зөвшөөрөлгүй авбал нүгэл ихтэй. Тэднээс зөвшөөрөлгүй авсан зүйлээ тэр даруйд нь буцаан өгвөл Будда болон номлолын өмнө хийсэн гэм цагаадна. Хуврагаас хулгай хийсэн гэм үр дагавраа амсахаас нааш арилахгүй. Хувраг бол маш их хүчтэй өгөгдөл юм.
Хэрвээ хуврагийн бадар аяганаас хоолыг нь авсан бол Амьтны агуу их тамд унана. Хоолноос өөр зүйл авсан бол Амсхийх чөлөөгүй тамын ойролцоох Тас харанхуй там зэрэг газарт төрнө.
Ялангуяа ёс зүйн журмаа зөрчин хуврагийн хувийн эд зүйл, навч цэцэг, үр төдийхнийг нь хэрэглэсэн ч Амьтны агуу их тамд очно. Тухайн тохиолдлоос мултарсан ч хуурай цөлд гар хөлгүй, сохор амьтан болж төрдөг. Эсвэл гар, хөлгүй бирд болж удаан зовон тарчилна. Энэ мэт маш их зэмтэй гэж Нарны шим судар-т өгүүлдэг.
Мөн хуврагийн хүрээ – гэлэнгүүдэд зориулж өгсөн цэцэг ч байсан ганцаараа хэрэглэж , гэргийтэнд өгч эсвэл гэргийтэн хэрэглэж огт болохгүй гэж Будда хэлсэн байдаг. Тэгвэл маш хүнд нүгэл болно. Нарны шим судар-т:
Хуврагт зориулсан алив юмыг
Хувьгүй бусад тараасанд орвол
Хутга мэсээр гар хөлөө
Хутгалуулж огтлуулах нь хамаагүй дээр
Ариун хуврагуудад оногдох юмнаас
Аминдаа хэрэглэж нүгэлд унаснаас
Арвалзан буцлах гангийн хайлшийг
Амандаа цутгуулах нь хамаагүй дээр ээ.
Эгэл хүн лам хуврагийн
Эд өлгийг бүү хэрэглэ
Ингэсэнд орвол уул шиг галыг
Идэх гэж оролдох нь хамаагүй дээр ээ.
Хувраг ламын гэр оронд
Хоног өнгөрөөж унтсанд орвол
Хуу шатах түймэртэй пинд
Хурхирч хэвтэх нь хамаагүй дээр.
гэж өгүүлсэн байна.
Хуврагууд дундаас бодисадва хуврагтай холбоотой зөв зүйл маш их буян хураадаг. Харин муу үйл бол асар том нүгэл хураана. Сүсгийн хүч хөгжүүлэх мутрын тэмдэг судар-т бодисадвад уурлан “ийм олиггүй хүн рүү харахгүй” гэж түүнээс нүүр буруулбал арван зүгийн хамаг амьтанд өширхөн харанхуй гянданд хорьсноос хамаагүй их нүгэл хийж буй хэрэг. Мөн хэн нэг бодисадваг доромжлох нь Замбутивийн бүх амьтныг тонон дээрэмдэхээс ч их нүгэлтэй. Бас Ганга мөрний элсний тоотой тэнцүү суврага эвдлэн шатаах нь Их хөлнгөнд сүсэглэгч бодисадвад өс санаж, уурласан алдаатай адил уршиг дагуулна.
Мөн Тодорхой ба тодорхой бусад хүрэх бэлгэ тэмдэг судар-т арван зүгийн амьтны нүдийг ухчихаад хожим өрөвдөж дахин нүд оруулах нь буян мөн. Урьд нь гянданд хорьсон бүх амьтнаа суллаж Чакравартин, Бярман тэнгэрийн цэнгэл эдлүүлэх нь буян ихтэй.
Харин их хөлгөний бодисадваг бишрэн харах, бишрэн харахыг хичээх, магтан алдаршуулахын буян тэр бүхнээс үлэмж илүү гэжээ.
Үлэмж амгаланд магадтай хүргэгч шидэт судар-т Замбутивийн бүх амьтныг хороох эсвэл бүх хөрөнгийг нь дээрэмдэх уршигтай. Харин өчүүхэн өглөг амьтанд өгөх гэсэн бодисадвагийн сайн үйлд саад хийсэн гэм тэр бүхэнтэй харьцуулшгүй их. Тиймээс бодисадвад маш их анхааралтай хандах ёстой гэсэн байдаг.
2” Тухайн хүнээс хамаарсан нөлөөлөл
Төмрийн хэлтэрхий хэдий жижигхэн ч усанд живдэг. Харин төмөр сав хичнээн том ч усанд хөвдөг. Учрыг нь мэдэх, мэдэхгүй хоёрын үйлдсэн нүглийн хүнд, хөнгөний ялгаа үүнтэй адил гэж Будда хэлжээ. Их нирваан судар –т:
Заваан залхагт барьцалдсан ялаа салж чаддаггүй шиг тэнэг хүн өчүүхэн гэм нүглээс салах чадваргүй байдаг. Алдаагаа ойлгодоггүй учир зөв замд орж чаддаггүй. Хэдий урьд насны буян байлаа ч нүгэл хийж буянаа доройтуулдаг. Тиймээс энэ амьдралдаа эдлэх байсан сайн сайхан бүхэн бүрэлдэхийн оронд тэсвэрлэшгүй там болон хувирдаг.
Энэ нь балга усанд атга давс хийвэл уухын аргагүй болдогтой адил. Хүнээс зээлсэн мөнгөө өгөөгүй бол нүүрийг нь харж чадахгүй зовдогтой ижил.
Амьдралын утга учрыг ойлгоогүй, төлөвшүүлсэн зөв дадал өчүүхэн, ноцтой алдаа гаргасан, алдаагаа наманчилж арилгаагүй, эхнээсээ буян хийгээгүй таван нөхцөл нь энэ насанд эдлэх сайн сайхан үйлийн үрийг там болгон хувиргадаг.
хэмээн өгүүлжээ.
Гэмээ нуухын оронд урьдын алдаандаа гэмшиж, цаашдаа цээрлэж, түүнийг дарах зөв дадал хөгжүүлдэг ухаантан нүглээ нимгэлдэг гэж Будда хэлсэн юм. Харин мэдсээр байж үл тоомсорлон, учрыг нь мэднэ гэж онгирвол уршиг ихтэй.
Нандин эрдэнийн цогцос судар-т гурван мянган ертөнцийн бүх амьтан орчлонгийн хүрдийг эргүүлэгч эзэн болж, Их хөлгөнд ороод дор бүрнээ далай шиг цөгцөнд Сүмбэр уул шиг голтой зул барин Буддагийн сувраганд өргөсөн ч амьдралын учрыг таньсан бодисадва ургамлын тосоор зул асааж суврага тахисан буяны зууны нэг хувьд нь хүрэхгүй гэсэн байдаг. Энд санаа зорилго, гэгээрэх тэмүүлэл, тахил өргөсөн сувраганд нь ямар нэг ялгаа алга. Өргөсөн зул нь зөрүүтэй ч өргөж буй хувь хүний ялгагдах онцлог асар их ажээ. Үүнээс сахил сахих болон сахил сахихгүй номлолд суралцах зарчмын ялгаа харагдаж байна. Нэг сахилтай, хоёр сахилтай, гурван сахилтай нөхцөлд ч төвшин дээш ахих нь ялгаатай. Жирийн хүн нэг хоногийн сахил аваад өглөг өгөх, сахилгүй үедээ өглөг өгөх хоёрын буяны хүч нь маш их зөрүүтэй байдаг.
Ёс зүйн алдааг тас цохигч судар-т зуун жил тасралтгүй арван буруу үйл хийсэн хүн их гэм хураана. Харин гэлэн хүн ёс зүйгээ зөрчиж, багшийнхаа хувцсыг өмсөн сүсэгтнүүдийн өгсөн хоолыг нэг удаа идсэний гэм түүнээс асар их гэсэн байдаг. Будда үүнийг хувь хүний онцлогоос хамаран алдаа дутагдлын уршиг ихэсдэг гэж тайлбарлажээ.
Мөн Ёс зүйн тодорхой тайлбар-т ёс зүй зөрчсөн ба заавар журмаа дагаагүй хэн бүхэнд:
Ёс алдаж, журмаа зөрчиж
Сүсэгтний идээг хэрэглэсэнд орвол
Үс хуйхлам дөл оволзсон
Халуун ширэм залгих нь дээр
хэмээсэн байдаг.
Гэгээнтэн Донба нэгэнтээ “Номлолд суралцахдаа дээрх гаргасан алдааны дэргэд арван хар нүгэл юу ч биш шүү “гэсэн юм. Энэ яахын аргагүй үнэн үг.
3” Өглөгөөс үүдэлтэй нөлөө
Амьтанд өгөх өглөг дотроос номлолын өглөг илүү. Харин Буддад өргөх эдийн тахилууд дотроос номлол сургаалыг нь ёсчлон дагах буяны тахил илүү билээ. Бусдыг нь энэ маягаар ойлгох хэрэгтэй.
4”Сэтгэлээс үүдэлтэй нөлөө
Нандин эрдэнийн цогцос судар-т гурван мянган ертөнцийн амьтан бүхэн тус бүрдээ Сүмбэр уулын чинээ Буддагийн суврага бүтээв. Зуун сая галвын турш чадлынхаа хэрээр өнөө суврагаа тахин шүтжээ. Энэ бол их буян мөөн. Гэхдээ төгс гэгээрлийн төвшинд хүрэх тэмүүлэлтэй бодисадвагийн өлмийд ганц цэцэг дэвссэн буян түүнээс ч их гэжээ. Тавьсан зорилгын хэр хэмжээ, зорилго нь өөрийн ба өрөөлийн жаргалын алинд чиглэсэн болон санаа бодол нь хүчтэй илэрсэн эсэх мөн тэрхүү санаа бодлоо хэдий хугацаанд хадгалсан зэргээс хамаарч үйлийн нөлөө нэмэгддэг. Энэ бүхнийг судрын дээрх ишлэлтэй харьцуулан ойлгож ав.
Удаан, хүчтэй үргэлжилсэн сэтгэлийн гэмээс буруу үйл гарна. Сэтгэлийн гэмүүдээс уур хилэн хймгийн хүчтэй нөлөөтэй. Бодисадвагийн замнал-д энэ тухай:
Мянган галавт өглөг түгээж
Мятрашгүй үнэнчээр Буддаг шүтсэн
Гайхам буяны сайхан үр
Ганцхан уурлахад хийсдэг нь хайран
гэж сэрэмжлүүлсэн ажээ.
Өөрийн журмын нөхөд ялангуяа бодисадвад уурлах маш их уршигтай. Бясалгалын хаан судар-т энэ тухай:
Хуврагыг хорлох гэсэн
Гэм нүгэлт сэтгэлийн үр
Хожим хойтод ерөөсөө арилахгүй
Хосгүй ёст сургаалыг дагаад ч арилахгүй.
Сүмд сууж бясалгаад ч арилахгүй
Сүүлд баахан гэмшээд ч арилахгүй
Буддаг тахиж мөргөөд ч арилахгүй
Бусдад өглөг өгөөд ч арилахгүй.
Мөн Бодисадвагийн замнал-д:
“Өгөөмөр гэгээн бодисадва нарын тухайд
Өөнтөгч муу санаалах төдийд
Өчнөөн хичнээн бодсоны тоогоор
Өнө галавт тамд сууна” гэж Будда хэлсэн.
хэмээн айлджээ.
“ Үр дагварын тайлбар
б” Гүйцэд боловсрох үр дагавар
Арван хар нүгэл нь өөрсдийн гол үндэс болж буй сэтгэлийн гурван хорын алинд суурилснаас хамааран их, дунд, бага хэмжээтэй болно. Үр дагавар нь мөн гурван өөр байна. Төвшингийн тодорхой тайлбар-т амь таслах зэрэг арван их үйлийн үрээр тамд төрнө. Дунд зэргийн арван үйлийн үрээр бирд болно. Харин бага үйлийн үрээр адгуус болдог гэжээ. Арван төвшний судар-т бага, дунд хоёрын үр дагаврыг дээрхээс эсрэгээр тодорхойлсон байдаг.
Муу заяанаас хүн болж төрсөн ч өмнөх үйлийн үр нь дараах муу зүйлсийн шалтгаан болно:
“ амь тасалсан учир” нас богино
“эс өгснийг авсан учир” эд хөрөнгөгүй ядуу
“буруу хурьцсан учир” эхнэр нь үнэнч бус
“худлаа ярьсан учир” доромжлуулах
“хов ярьсан учир” садан төрөлтэйгөө хэрэлдэж салах
“ширүүн үг хэлсэн учир” сэтгэлд таагүй үг сонсох
“чалчсан учир” бусад хүн үгийг нь тоохгүй бас тачаал, уур, мунхаг, нь маш их байдаг.
Үнэнийг өгүүлэгчийн бүлэг ба Арван төвшний судар –т буруу үйл нь тус бүр хоёр үр дагавартай гэжээ. Хэдийгээр хүн болж төрсөн ч:
“амь тасалсан тул” богино намтай ба өвчин ороомтгой
“эс өгснийг авсан тул” ядуу ба бусад хөрөнгөө алдах
“буруу хурьцсан тул” албат нь дуулгаваргүй, итгэлгүй ба хань ижил нь шалиг
“худлаа ярьсан тул” ихэд доромжлуулах ба бусдад хуурагдах
“хов ярьсан тул” муу найз нөхөртэй ба бусад хүн үргэлж эсэргүүцэн босох
“ширүүн үг хэлсэн тул” муулуулах ба доромжлуулах
“чалчсан тул” үгийг нь тоохгүй байх ба итгэхгүй байх
“шунаг тул” аливаад хүлэгдэх ба ханахаа болих
“үзэн ядсан тул” бусад хүн туслахаас цааргалах ба бусад нь эсвэл өөрөө бусдад хөнөөл учруулах
“буруу үзэлтэй тул” буруу үзэл бодолтой ба зусарч башир зантай болдог.
Хүн болж төрсөн ч амь таслахад дурладаг зан нь шалтгаан болдог үр дагавар буюу урьд хийж байсан үйлдээ таарсан үр дагавар юм гэж ахмад багш нар хэлсэн байдаг.
в” Орчин тойронд гарах үр дагавар
Амь тасалсан учир гаднаас олддог хоол унд, эм тан, үр тарианы шим муудна. Тэр бүхэн шим тэжээлгүй, шингэц муутай болж өвчин үүсгэх тул ихэнх амьтан цагаасаа эрт үхдэг. Хулгай хийвэл үр тариа муудаж, ургац гарахгүй, ган гачиг ихтэй, хүчтэй аадар орж, үр тариа хатаж үгүй болох үр дагавар гарна. Буруу хурьцвал хаа сайгүй баас шээс, балчиг шавар, намаг тогтож, өмхий ханхалсан таагүй орчин бүрдэнэ. Худлаа яривал газар тариалан ба арилжаа наймаа хөгжихгүй, эв түнжингүй, байнга хууртагдана. Мөн айдас хүйдсийн олон шалтгаан бий болдог.Хов яривал газар нутаг бартаа саад ихтэй хад чулуу, эрэг гангатай зэлүүд болно. Аюул осол тохиолдох шалтгаан нөхцөл бүрдэнэ.
Ширүүн үг хэлбэл газар орон хожуул тайрдас, өргөст мод, хад асга, бул чулуугаар дүүрнэ. Мөн далай, нуур, цөөрөм ширгэнэ. Эсвэл ус нь хужиртай шорвог, говь цөл, ээрэм эзгүй тал болж аймшигтай араатантай болно. Чалчвал жимсний модны үр боловсрохгүй, боловсорсон ч цаг бусаар үр тогтоно. Эсвэл боловсроогүй хэрнээ боловсорсон мэт харагдана. Ургамлын үндэс муудаж, удаан хугацаанд ч ургахгүй. Үзэсгэлэнт ой цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, нуур цөөрөм ховордохын зэрэгцээ айдсын шалтгаан болдог. Шунаг зан гаргавал жил, сар, бүр өдөр хоногийн хамаг сайн сайхан бүхэн доройтон хомсдож, нэмэгдэхээ болино. Үзэн ядвал элдвийн өвчин тахал, халдварт өвчин, гамшиг зовлон учирна. Мөн гадаадын дайсантай байлдан, хямрал тэмцэл ихдэнэ. Бас арслан, бар зэрэг араатан, хорт могой, хилэнцэт хорхой, галт хорхой шавьж олширдог. Түүнээс гадна аюулт ягчис, хулгайч дээрэмчин олширдог. Буруу үзэл нь сав ертөнцийн ариун гэгээн, эрхэм бүхний эх ундаргыг таслана. Мөн ариун бус, зовлон таригч зүйлс ариун гэгээнд тооцогдох болно. Түүнээс гадна авралд хөтлөх багш, авран өмгөөлөгч нар үгүй болох үр дагавартай.
Б, Буян ба түүний үр шим
а, Арван цагаан буян
Төвшний тодорхой тайлбар-т: амь таслах, хулгай хийх, буруу хурьцахын гэм зэмийг ойлгосон буянт сэтгэлээр тэднээс ангижирах бүхнийг хийн түүнийгээ эцэст нь хүргэх биеийн үйлийг буян гэнэ. Мөн хэлний дөрөв, сэтгэлийн гурван үйл ч үүнтэй адил. Ялгаа нь хэлний үйл, сэтгэлийн үйл гэдэг нэрэндээ байгаа юм гэжээ.
Буяныг мөн өгөгдөл, сэдэл, үйлдэл, төгсгөл гэж задалж болно. Амь таслахыг цээрлэх үйлээр жишээ авъя. Өгөгдөл нь бусад амьтан. Нүглийн гэм зэмийг ухамсарлаад түүнээс цээрлэх эрмэлзэл нь сэдэл болно. Харин амь таслахаас бүрмөсөн цээрлэх санаа төрвөл үйлдэл болно. Төгсгөл нь огт амь таслахаа болих биеийн үйлдэл юм. Бусдыг нь энэ зарчмын дагуу ойлгож аваарай.
в, Буяны үр дагавар
Буян мөн л шалтгаан болдог, хүчтэй нөлөөлдөг, гүйцэд боловсрох үйлийн үрээр хүн болж төрнө. Мөн Хүсэлт тэнгэр болон дээд мандлын хоёр тэнгэр болж төрдөг. Шалтгаан болдог ба хүчтэй нөлөөлдөг үр дагаварыг нь нүглийн эсрэг гэж ойлговол зохино.
Арван төвшний судар-т эдгээр арван зөв зүйлийг эзэмшвэл энэ ертөнцийн амьдралд татагдахаа болино. Бусдыг энэрэн хайрлахгүй байлаа ч бусдын заавраар бясалгавал шарвагагийн төвшинд хүрдэг. Мөн энэрлийн сэтгэлгүй ч бусдын туслалцаагүй өөрөө гэгээрэлд хүрэх эрмэлзэлтэй байж болно. Ингээд юмс үзэгдлийн уялдаа холбоог таньж мэдвэл брадигагийн төвшинд хүрдэг. Харин саруул ухаан, энэрэл хайр, гайхалтай арга барил, агуу зорилгоор нэг ч амьтныг орхилгүй Буддагийн бэлгэ билгүүнд хүрэх эрмэлзэлтэй суралцвал бодисадвагийн төвшинд хүрч, бүх төгс чанарыг эзэмшдэг юм. Энэ бүгдийг хичээнгүйлэн хөгжүүлбэл төгс гэгээрэгчийн бүх мөн чанарыг эзэмшинэ.
Арван цагаан буян ба түүний үр шимийн тухай бусад эх зохиолуудад тодорхой тайлбар байсангүй. Тиймээс энэ бүгдийг Төвшний тодорхой тайлбар ба Хураангуй заавар журам зэрэг зохиолуудаас ишлэн дурьдлаа.
В, Үйлийн үрийн бусад ангилал
Үйлийн үрийн бусад ангиллын тайлбар хоёр хэсэгтэй:
Хүргэх ба гүйцэлдэх үйлийн үрийн ялгаа
Тодорхой ба бүрхэг үр дагавартай үйл
а” Хүргэх ба гүйцэлдэх үйлийн үрийн ялгаа
Сайн заяанд хүргэх үйлийн үр нь буян, муу заяанд хүргэх үйлийн үр тодорхой бус байдаг бол гүйцэлдэх үйлийн үр тодорхой бус байдаг. Сайн заяанд төрсөн ч тахир дутуу, зүс царай муу, нас богино, өвчлөмтгий, ядуу тарчиг байдал нь нүглийн үрээс бий болдог. Мөн адгуус, бирд болсон ч аз завшаан, сайн сайхан бүхэн бүрдвэл буяны үр юм.
Ерөнхийдөө хүргэх ба гүйцэлдэх үйлийн үр боловсрох дөрвөн боломж бий. Тухайлбал хүргэх үйлийн үр нь буян байхад гүйцэлдэх үйлийн үр нь буян, нүгэл хоёрын аль нь ч байж болно. Мөн хүргэх үйлийн үр нь нүгэл байхад гүйцэлдэх үйлийн үр нь буян, нүглийн хоёр аль аль нь боломжтой. Асанга Абхидхармакоша номдоо:
Буян, нүглүүд сайн болон муу заяан хүргэхийн сацуу бүрэн гүйцэлдүүлдэг болохыг ухаж ойлго. Хүргэх үйлийн үр нь чухам хаана төрөхийг заадаг бол гүйцэлдэх үйлийн үр нь тухайн олсон төрлийн зовлон, жаргалыг бүрдүүлдэг.
Абхидхармакоша –д хүргэх үйлээр тодорхой нэг төрөл авна, харин гүйцэлдэх үйл нь олон байж болно гэжээ. Энэ нь нэг хүргэх үйлийн үрээр ганц л төрөл авахаас олон төрөлд төрөхгүй, харин гүйцэлдэх үйлийн үр олон учир нэг хэвээрээ төгсөхгүй гэсэн үг юм. Мөн Абхидхармакоша-т энэ тухай заахдаа:
Ганц төрөлд хүргэдэг нэг зүйл бий. Олон төрөлд хүргэдэг нэг үйл ч бий. Нэг төрөлд хүргэдэг олон үйл бас байдаг. Олон төрөлд хүргэдэг олон үйл бас байдаг. Олон төрөлд хүргэдэг олон үйл ч байдаг.
Асанга үүнийг ганцхан хормын үйлээр нэг амьдралын үрийг суулгаж болно. Мөн тэрхүү үйл нь олон амьдралын үрийг суулгасан ч байж болно. Нэг үйлийн олон хором нь ганц л амьдралын үрийг ахин дахин суулгаж болдог. Эсвэл олон үйл өөр хоорондоо сүлжилдэн төрлийн олон хэлхээний үр хөврөлийг байн байн тэтгэдэг гэж тайлбарлажээ.
в, Тодорхой ба бүрхэг үр дагавартай үйл
Төвшний тодорхой тайлбар-т:
Санаатай хийж, хуримтлуулсан үйлийн үр дагавар тодорхой байдаг. Харин санамсаргүй үйлдсэн болон хуримтлуулаагүй үйлийн үр дагавар бүрхэг юм.
Хийсэн ба хуримтлуулсан үйлийн үрийн ялгааг уг номд тодорхойлохдоо:
Хийсэн үйлийн үр гэж юу вэ? Энэ бол санаж бодсон буюу санаа болон бие, хэлээр хийгдсэн үл юм.
гээд цааш нь:
Зүүдэндээ хийх, мэдэхгүй хийх, санамсаргүй хийх, хааяа хорхойсолгүй хийх, эндүүрч хий, мартаад хийх, бусдын эрхээр хийх, шинж чанарын хувьд тодорхой бус үйлдэл, гэмшиж зассан үйлдэл, эсрэг арга хэрэглэн дарсан арван зүйлээс бусад нь хуримтлуулах үйлийн үрд багтана.
Эдгээр арван үйлээс бусад нь хуримтлагдах үйлийн үр юм. Харин энд дурьдснаас бусад нь хуримтлуулсан болно.
Хураангуй заавар журам-д хийсэн ба хуримтлагдах
үйлийг дараах байдлаар дөрвөн янз тайлбарласан байдаг. Амь тасалсан ч хуримтлагдахгүй байх нөхцөл нь: үйлийн үрийн тухай мэдэхгүйн улмаас хийх, зүүдэндээ үйлдэх, зориуд үйлдээгүй, бусдын эрхээр хийх. Мөн ганц удаа үйлдээд түүндээ гэмшин, гэм зэмийг нь гүнзгий ухамсарлан дахин давтахгүй гэсэн хатуу тангараг тавиад хэлсэндээ хүрэх. Үр дагвар нь гарахаас өмнө амьдралтай зууралдсан шуналаа дарах. Мөн үйлийн үр нь боловсрохоос өмнө орчлонгоос ангижрах сургаалын үр сэтгэлдээ суулгах.
Хийгээгүй ч хуримтлагдах нөхцөл: амь таслах гэж удаан бодож, хэрхэн алахаа төлөвлөсөн ч амийг нь хороолгүй орхих. Харин дээрх хоёр нөхцлөөс бусад тохиолдлоор амь тасалбал хийсэн ба хуримтлагдах үйлийн үр болно. Хийгээгүй ба хуримтлагдахгүй үйлийн үр нь дээрх гурваас бусад тохиолдол юм.
Эс өгснийг авахаас чалчих хүртэл бусад үйлүүдийг үүнтэй жишиж ойлгох нь зүйтэй. Сэтгэлийн гурван үйлийн хувьд дээрх нөхцлүүдийн хоёр дахь нь байдаггүй. Бас эхний нөхцлийн санаатай хийх ба бусдын эрхэнд автах гэдэг зүйл нь огт байдаггүй юм.
Тодорхой уршигтай үйлийн үр дагавар нь цаг хугацааны хувьд энэ насандаа амсах, дараа төрөлдөө амсах гурван төрөл байна. Энэ насандаа амсах үйлийн үр амьдарч буй тухайн цаг үед боловсордог. Төвшний тодорхой тайлбар-т доорх найман үйлийн үрийг энэ насандаа амсана гэжээ:
Амь бие, хөрөнгө хогшил, энэ амьдралд санаа тавих нь нүгэл учир энэ насандаа зовлон эдэлнэ.
Харин энэ бүхнийг огт хайхрахгүй бол буян
Амьтанд илт хор хөнөөл учруулбал
Энэрлийг хөгжүүлж, бусдад тусалбал
Эрхэм Гурван эрдэнэ ба багш зэрэгт илт хайхрамжгүй хандвал
Тэдэнд ихэд итгэж, биширвэл
Тэтгэж тусалсан эх эцэг, багш зэрэг хүмүүстээ хор хөнөөл учруулж, ачийг нь хариулаагүй нүглийн үрийг энэ насандаа амсана.
Харин тэдэнд тусалж, ачийг нь хариулах санаа бодол буян бөгөөд үр шимийг нь энэ амьдралдаа эдэлнэ.
Дараа төрөлдөө амсах үйлийн үрийг хоёр дахь амьдралдаа эдэлнэ. Өөр төрөлдөө амсах үйлийн үрийг гурван төрлөөс хойш хүртэнэ.
Бидний мөн чанат шингэсэн олн буян, нүглүүдийн үр дагавар дараах байдлаар илэрнэ:
Хамгийн хүнд үйл нь эхэлж боловсорно
Чансаа нь ижил бол үхэх агшинд ой тойнд орсон нь эхлэн боловсорно.
Ой тойнд зэрэг орж ирвэл аль илүү дадал зуршил болсон нь эхэлж боловсорно.
Яг ижил хэмжээнд зуршил болсон байвал аль эхэлж хийсэн үйлийн үр нь түрүүлж боловсорно.
Энэ тухай Абхидмакошагийн тайлбар-т :
Аль илүү хүнд, эсвэл ой тойнд орсон,
Аль зуршил болсон, эсвэл эхэлж хийсэн
Үйлийн үрүүд л эн түрүүнд
Энэ орчлонд боловсордог юм.
хэмээн бичсэн байдаг.
2” Үйлийн үр ба түүний үр дагаврыг нарийвчлан ялгаж бодох
Арван хар нүглийг цээрлэвэл сайн төрөл олдог. Харин төгс гэгээрэлд хүрэх нөхцөл бүрдүүлэх нь зүйрлэшгүй дээд төрөл юм. Тиймээс ийм завшаан, боломж бүрдсэн заяаг л бүрдүүлэх хэрэгтэй.
а”Гүйцэд боловсрох ашиг тус
Гүйцэд боловсрох үйлийн үр найман зүйлийн ашиг тустай.
Төгс сайхан амьдрал:
Өмнөх үйлийн үрээр урт наслах заяатай. Тэр ёсоор урт удаан амьдрана.
Төгс сайхан зүс царай:
Өнгөлөг, зөв төрхтэй, царайлаг. Ямар ч согогүй учир нүдэнд дулаахан, биеийн харьцаа гоо сайхан байна.
Төгс сайхан угсаа:
Энэ амьдралд хүндтэй, нэр алдартай, дээд зиндааны гэр бүлд төрнө.
Төгс сайн хөрөнгө:
Баян чинээлэг, садан төрөл, найз нөхөд олонтой.
Төгс сайхан яриа:
Бие, хэлээр хуураагүй учир бусад хүн итгэж найдна. Аливаа маргааны эцсийн шалгуур гэрч болдог тул хүмүүс үгэнд нь итгэнэ.
Төгс сайн нөлөө:
Өгөөмөр сэтгэл нь эрэлхэг зориг, хичээл зүтгэлээр илрэх зэрэг сайн чанартай. Тиймээс алдар хүнд ихтэй, бусдад үргэлж хүндлэгдэнэ.
Эр хүйс:
Эр хүстэй төрнө.
Хүч чадал:
Урьдах үйлийн үрээр энгийн хор уршиг бага тохиолдоно. Өвчингүй, эрч хүч ихтэй, энэ насандаа санаачлага, зүтгэл ихтэй амьдарна.
Түүнээс гадна эхнийх нь сайн төрөл, дараагийнх нь бие цогцос, гурав дахь нь угсаа гарал, дөрөв дэхь нь хөрөнгө болон нөхөд, тав дахь нь энэ амьдралын шудрага үнэний шалгуур, зургаа дахь нь нэр хүнд, долоо дахь нь бүх сайн чанарын эзэн, найм дахь нь ажил хэргийн чадварыг тус тус илэрхийлж байгаа юм.
б” Гүйцэд боловсрох үйлийн үр дагавар
Гүцэд боловсрох үйлийн үр дагавар нь мөн найман зүйл байна:
Төгс сайхан амьдралтай учир өөрийн болоод өрөөлд хэрэг болох их буян хураана.
Төгс сайхан зүс царайтай учир шавь нар харсан даруйдаа баясан учирч, үгийг сонсож, дагах сэтгэл төрнө.
Төгс сайн угсаатай учир хэлсэн үгийг нь дагаж мөрдөнө.
Төгс сайн хөрөнгөтэй учир бусдыг өглөгөөр татан тэдний сэтгэлийг хөгжүүлнэ.
Төгс сайхан яриатай учир бусдын чадварт тохируулан ухуулан сэнхрүүлж, сэтгэлийг нь хөгжүүлнэ.
Төгс сайн нөлөөтэй учир бусдын ажил үйлсэд дэм тус болно. Мөн бусдын ачийг мартахгүй. Бусад хүн үгийг нь дагана.
Эр хүйстэй учир бүх сайн чанарын эзэн болно. Эрмэлзэл, хичээл зүтгэл шаардсан ид хав бүхний эзэн болж чадна. Саруул ухаанаар аливаа эрдэм мэдлэгийн эзэн болно. Мөн нөхөртөө түшигтэй, бусадтай хамт явах, ярьж хөөрөх, хөгжин баясах, аглаг газар даяанчлахад тээр болж ухарч няцахгүй.
Хүч чадалтай учир өөрийн болон өрөөлийн хэрэг зоригоос ухрахгүй. Тууштай, маш оргилуун сэтгэлтэй. Аливааг ялгаж салган ойлгох чадвар эзэмшиж бүхнийг шууд танин мэдэх төвшинд хурдан хүрнэ.
в” Гүйцэд боловсрох үрийн нөхцөл
Гүйцэд боловсрох үр нь найман үндсэн нөхцөлтэй:
Амьтанд хор хөнөөл болохгүй, хор хөнөөл учруулах санаа агуулахгүй байх нь төгс сайн амьдрал гарцаагүй боловсрох нөхцөл. Энэ нь:
Цаазын илднээс амьтныг аварч
Цааз гэсгээлээс өршөөн хэлтрүүлж
Амь таслахаас зайлж явбал
Амь нас чинь аандаа уртасна.
Өвдсөн хөөрхийг асарч тэнхрүүлж
Өвчин эмгэгийг эмнэж, анагааж
Амьтныг бас хөнөөхгүй байвал
Айх өвчингүй эрүүл явна.
Зул мэт гэгээлэг зүйлс болон шинэ хувцас өргөх нь төгс сайхан царай зүстэй болох нөхцөл. Мөн:
Уур уцаараас салахын цагт
Уран голшиг чимэг нэмнэ.
Атаа хорслоо хаяхын цагт
Ашдын сайхан тавиланг олно.
Бардам зангаа дарж, багшаа бөхөлзөн дарж, зарц барлаг мэт бусдыг хүндлэх нь төгс сайн угсаатай болох нөхцөл.
Гуйсан, гуйгаагүй хоолл хүнс, хувцас зэргийг өгөх, зовсонд туслах, эрхэм сайн чанартай хүн болон ядууст өглөг өгөх нь төгс сайн хөрөнгөтэй болох нөхцөл
Хэлний дөрвөн нүглээс цээрлэх нь төгс сайхан яриатай болох нөхцөл
Дараагийн амьдралдаа олон сайн чанар цогцлуулан эзэмших ерөөл тавин залбирах, эрхэм гурван эрдэнийг тахих, эцэг эх, шарвага, брадига, сахил хүртээсэн багш болон бусад багшийг тахин шүтэх нь төгс сайн нөлөөтэй болох нөхцөл.
Эр хүний давуу чанарт сэтгэл хангалуун байх, эм заяаны сул талыг ойлгон чамлах, бүсгүй тавиланд төрөх хүслийг дарах, эр эрхтэнээ засуулах гэж байгаа амьтныг суллах нь эр хүйстэй болох нөхцөл.
Бусдын чадаагүйг бие даан хийх, бусадтай гар нийлэн ажиллах, бусдыг хооллож, ундлах нь хүч чадалтай болох нөхцөл юм.
Эдгээр найман нөхцөл дээр ариун зорилго , ариун ажил үйл, ариун орон зай гэсэн гурван нөхцлийг нэмж бүрдүүлбэл үр шим нь илүү болно. Ариун зорилго нь өөрт хамаатай ба бусдад хамаатай хоёр зүйл байна. Өөрт хамаатай ариун зорилго:
1, Өөрийн эзэмшсэн бух буянаа зүйрлэшгүй гэгээрэлд зориулна. Үүнээс өөр гүйцэд боловсрох үйлийн үр горьдохгүй.
2, Чин сэтгэлээсээ, маш хүчтэй үндэс болсон нөхцлүүдийг бүрдүүлнэ.
Бусдад хамаатай хоёр ариун зорилт:
1, Хамт суралцаж буй нөхдийнхөө өөрөөс сайнд нь атаархаж, эн тэнцүүтэй өрсөлдөж, доогуурт нь дээрэлхэж болохгүй.
2, Өөрөө нөхөд шигээ чадваргүй бол бахархан дууриаж, өдөр бүр тэдэнтэй адилхан болох талаар олон дахин бод.
Ариун үйл ажил нь өөрт болон бусдад хамаатай хоёр төрөл бий. Өөрөөс хамаарах ариун үйл ажил гэж өөрөө хүчтэй, тасралтгүй, удаан зөв дадал хөгжүүлэхийг хэлнэ. Бусдаас хамаарах ариун үйл ажил гэдэг бол бусдын эзэмшээгүйг эзэмших эрмэлзэл юм. Мөн буян хийсэн нэгэнд урам зориг өгч магтана. Ингэснээр үргэлж иасралтгүй суралцаж, шантралгүй зөв дадал эзэмшдэг. Ариун орон зай нь зорилт, үйл ажил хоёроос гарсан олон сайхан үр шимээс бүрддэг.
Энэ бүхнийг Асангагийн Бодисадвагийн төвшин-д өгүүлсэн дээр нэмэлт хийн тайлбарлалаа.
Эхийг шивж бэлтгэсэн.
Ц.Нармандах
Эх сурвалж:
Нэр:
Susanaa
АйПи:
202.126.92.6
Огноо:
7/23/2010
Бид дэндүү мунхагийн харанхуйд төөрчихөөд төөрсөн гэдгээ ч мэдэхгүй дасан зохицож амьдраад л хэрэг алга даа.
Сэтгэгдэл оруулах: