А, Буддагийн бие цогцсын төгөлдөр шинж Буддагийн бие цогцсын төгөлдөр шинж, төрхийг сэтгэлдээ ургуулан бодох хэрэгтэй. Тэдгээр шинж, төрхийг нь Шинж, төрхийн магтаал-д: Эрхэм таны цогцсын сайхан нь Эрхэс нь бүрдсэн тэнгэр мэт ээ Энэрэл хурсан төгөлдөр мэлмий нь Эрдэнийн тагштай рашаан мэт ээ Алтан хайрхны эрдэнийн оройг Ариун үүлээр бүчсэн мэт Анхилам таны бие юуг Ариун номын нөмрөг чимжээ. Аврагч таны, эрдэнийн гоёлгүй ч Асар гэгээн тунамал царай Ариун тунгалаг шөнийг чимэх Арван тавны саран мэт ээ Балч зөгий мэргэн гэлээ ч Баясгалант улаан уруулыг тань Сарнайн дэлбээнээс ялгахгүй болоод Салахгүй дагаж эргэнэм билээ Онцгой зохист баруун мутар тань Орчлонгийн хүрдэн чимэгтэйн учир нь Орчлонгийн хүрдэнд эргэж зовсон Олон амьтныг аврах бэлгэтэй Будда таны гишгэсэн хөлийн Буурь ором лянхуа адил аа Буй олны харах нүдийг Буяны зам руу зааж хээлнэ ээ Өргөн дэлхийн олон газрын Өнгийн лянхуа нийлээд ч тэр Таван өнгөөр солонгороод ч тэр Таны мөр шиг хорвоог чимэхгүй ээ. хэмээн магтсан байдаг. б” Буддагийн өгүүлэхүйн төгөлдөр шинж Энэ ертөнцийн бүх амьтан нэгэн зэрэг, тус бүрдээ өөр өөр асуулт Буддад тавихад ганцхан агшны дотор бүгдийг нь оюун бодлоороо тунгаан нэг үгээр бүгдэд нь хариулж чадна. Тэгэхэд амьтан бүхэн өөр өөрийн хэлээр ойлгодог. Энэ гайхамшигт чадварыг нь Үнэнийг өгүүлэгчийн бүлэг-т өгүүлснээр бодох хэргэтэй: Амьтан бүхэн өөрийн асуултыг Ам амандаа ангид хэлэхэд Аврагч Будда нэг л үгээр Алинд ч таарах хаиуг өгдөг өө. Тиймээс энэ хөтөч ертөнцөд Брахмагийн дуугаар дуугардаг. Тэнгэр болон хүний зовлонг арилгах Номлолын хүрээ эргүүлдэг юм. гэсэн бол Зуун тавин шүлэгт магтаал-д: Асар тунгалаг царай тань үзэсгэлэнтэй Аялга зохирсон дуу тань яруу сонсголонтой Амнаас дуурсах яриаг тань сонсохуйд Рашааны дээжис сарнаас сүрчих мэт. Цэцэн үг тань аадар болоод Адаг шуналын тоосыг дарна Цэнхэр хурмастын гарьд болоод Атгаг хилэнгийн могойг тасчина. Мунхаг сэтгэлийн мөсөн мөндрөөс Толгой халхлах шүхэр болно Муу омог, бардамналын хадыг Хагачин зүсэх алмааз болно оо. Ухаант мэргэн үг тань хуудуугүй Учир нь тэр гэмээс ангид аа, Утга энгийн санахад хялбар аа Уужим яруу, санаа төгөлдөр өө. Тухайлж үгийг тань сонсох бүрий Эмнэг зүрх номхорч уясна аа. Тунгааж дотроо бодохын хэрээр Элий мунхагаас салж амарна аа. Туйлдсан нэгийг амсхийн амрааж Тун чиг сэрэмжгүйг авран хамгаалж Ташуурсан заримд тарыг нь таниулж Таны сургаал бүгдэд хүрдэг ээ. Авхаалжтай нэгний ухааныг нээж Арай дөнгүүрийн ухааныг нэмж Алмай нэгийн мунхагийг арилгаж Амьтан болгонд тусаа өгдөг өө. хэмээн айлдсан. б” Буддагийн билэг оюуны төгөлдөр шинж Буддагийн билэг оюуны төгөлдөр шинжийг танин мэдэх болон энэрэн нигүүлсэх гэсэн хоёр хэсгээр тайлбарлана. а- Бүхнийг танин мэдэхүйн төгөлдөр шинж Будда харьцангуй ба үнэмлэхүй үнэн болон юмс үзэгдлийн мөн чанарыг алган дээрээ жүр үр тавьсан мэт төвөггүй танин мэддэг. Тиймээс Будда мэдэгдхүүн бүхнийг таньж мэдсэн байдаг юм. Харин Буддагаас бусдад нь мэдэгдэхүүн ихдэж, танин мэддэг ухаан нь багадах учир бүхнийг танин мэдэж чаддаггүй билээ. Магтвал зохигчийн магтаал-д энэ тухай: Гагцхүү та л билгүүн оюундаа Бүх танин мэдэхүйг шингээсэн билээ. Харин танаас бусад бүгдээрээ Тэр бүхнийг ухаарна гэвэл хэт ихдэнэ. гээд цааш нь: Ялгуулсан минь, бүх үед бий болсон Аливаа юмс үзэгдэл бүгдийг нь Та алган дээрээ тавьсан жүр үр мэт Алдаа эндэлгүй танин мэдсэн билээ. Амьтай болоод амьгүй бүх юмсыг Бухэлд нь болон тус бүрд нь Орон зайд чөлөөтэй тоглох салхи мэт Огт торолгүй танин мэдсэн билээ, та. гэхчлэн өгүүлжээ. б- Энэрэн нигүүлсэхүйн төгөлдөр шинж Амьтад өөрийн мэдэлгүй сэтгэлийн гэмд хүлээтэй байдаг, харин Будда агуу энэрлээрээ аяндаа амьтадтай холбогддог юм. Амьтны зовлонг ойлгохын хэрээр агуу энэрэл нь тасралтгүй ундарч байдаг. Энэ тухай Зуун тавин шүлэгт магтаал-д: Амьтай бүхнийг хүлж торлосон Айдас шанлалын гав гинжийг Аврагч гэгээрлийн ган өрөлбөөр Ачит Будда л тасчиж чөлөөлнө. Анх түрүүнээ Будда танд Алга хавсран мөргөх нь зөв үү? Амьтан бүгдийг гаслангаас гэтэлгэгч Ариун сургаалд тань мөргөх нь ч зөв үү? Мөн Үнэнийг өгүүлэгчийн бүлэг-т: Харанхуй мунхагт төөрсөн олны Хамаг ухаан таг сохроод Хяслант орчлонгийн будангуйн гянданд Гаслан унахыг та үзээд Гаслант гянданы будангуйд орсон нь Хамаг ухаан сохорсных гэдгийг Хамаг ухаан сохорно гэдэг Харанхуй мунхаг явсных гэдгийг Хэлж, засаж, өөд татаж Гэгээрүүлж, хөтөлж, төрөл дээшлүүлж Эгнэгт тэднийг аврахаар шулуудаж Эрхэм суртаалаа хөгжүүлсэн билээ. гээд цааш нь: Хуял тачаалын эргүүлэгт автаад Хурьцах сэрлийнхээ ёроолд унагсад Тэр далайдаа живснийг хараад Тэсгэлгүй Будда энэрэл соёолов оо. Өдөр шөнөтэй нь зовлон нөхцсөн Өнөр ертөнцийг өрөвдөж нигүүслээд Өршөөж энэрэхийн арван шид нь Өөрөө аяндаа бүрдэн цогцлов оо. Ачит Буддагийн энэрэл хайр Алгасарч дундрах нь хэзээ ч үгүй Ашид зөвдөн гэгээрэлд хөтөлж Амьтан бүхний сэтгэлд оршино. гэхчлэн өгүүлжээ. г” Гэгээрүүлэх үйлсийнх нь төгөлдөр шинж Буддагийн бие цогцос, өгүүлэхүй, билэг оюуны гэгээрүүлэх үйлс нь аяндаа, тасралтгүй үргэлжлэх хоёр чанартай. Тиймээс бүх амьтанд тусалдаг юм. Хэрвээ шавь дагаж мөрдвөөс Будда төгс цогцолсон бүхэнтэй үнэхээр золгуулна. Гай зовлонгоос салгаж, зөв зүйтэй бүхэнд хүргэдэг. Зуун тавин шүлэгт магтаал-д: Зовлон шаналлаа дарахад сургаж Золбин шулмын залийг илчилж Зогсолтгүй эргэх орчлонгийн хүрднээс Зохистой мултрах зүгийг та заасан. Амьтан бүгдийн эрж хайсан Ачлал хайр, гэгээрэл, энэрэл Алийг гуйсан ч бүхнийг нь та Алаг үзэлгүй өгч чадна. Мөн Магтвал зохигчийн магтаал-д: Авралын гараа сунгалгүй орхиж Ангал руу хэнийг ч та түлхээгүй Ахуй ертөнцийн гайхамшиг болгон Аль нь ч танаас ангид үүдээгүй. Энэ бол Буддаг бодож санаж явах хураангуй журам юм. Хэрвээ олон талаас нь бодвол сүсэг тал бүрээр хөгжинө. Дахин дахин бодвол итгэл өнө удаан, гүн бат болдог. Нөгөө хоёр эрхэм эрдэнэд ч үүнтэй адил хандах хэрэгтэй. Эрхэм зарлиг түүний утга санааны тайлбарын ихэнхэд нь гурван эрдэнийн төгс чанарыг гаргасан байдаг. Дээрх бясалгалаар тэр бүхнийг лавтай мэдэж мөрдлөг болгодог. Үүнийг зарим нэг нь задлан шинжилж бясалгадаг ойлголт учраас хэрэгжүүлэх үед хэрэггүй гэдэг. Ингэвэл зөв дадал хуримтлуулж, хилэнцээ арилгах болон боломжоо үгүй хийнэ. Тиймээс эрдэнэт хүний хэргийг бүтээж утга учрыг гаргахад том саад болно гэдгийг мэдэж ав. Сэтгэл санаанд дадуулж хэвшүүлсэн зүйлс тогтдог мөн чанартай. Тиймээс эхэндээ нэлээд хэцүү байдаг. Дараа нь аяндаа л сэтгэлд ороод ирдэг. Тэр үед “төсөөлөн бодож буй Буддатайгаа адил төвшинд би хүрнэ” гэсэн гэгээрэх тэмүүлэл хөгжинө. Ингээд өдөр ч, шөнө ч Буддатай учирна. Үхэх үедээ ямар ч зовлон эдэлсэн Будда санаа бодлоос салдаггүй юм. Энэ талаар Бясалгалын хаан судар-т: Эргэцүүлж хэлэх санаа минь гэвэл Эрмэлзэж чиний санасан зүйл чинь Эгнэгт санаанд хадагдаж явсаар Эрхбиш сэтгэлийг бүрнээ эзэмдэнэ. Энэ мэтээр Буддагийн дүрийг Энгүй билгүүн ном суртлыг Эгнэгт бясалгаж, үргэлж бодвоос Энэ биеийг тань эзэмдэж дүүргэнэ. Алхам бүртээ өдөр болгон Амрах босох цаг бүртээ Ахуй ертөнцөд ижилгүй хаанчлагч Ашдын гэгээрлийг мөрөөдөн залбир. гэх буюу: Бие, хэл, сэтгэлээрээ сүслээд Билэгт гэгээрэгсдийг магтан дуулж Өдөр, шөнийн хэвшил болговоос Өнөд ертөнцийн хаантай учирна. Алс хэтдээ хорвоогийн жамаар Амиа орхин нөгчихийн цагт ч Аврагч Будда орхихгүй тул Аймшиг, тарчлаан наждаар зовохгүй. хэмээн өгүүлжээ. Бодова нэгэнтээ: Буддагийн төгөлдөр чанарыг байнга бодвол сүсэг нэмэгдэнэ. Сэтгэл ариусч, эрч хүч өгнө. Итгэл үнэмшил улам батжина, Аврал эрэх сургаалыг нь чадал чинээгээрээ ёсчлон биелүүлбэл хийсэн бүхэн чинь Буддагийн номлол болно. Бид Буддагийн мэдлэг ухааныг мэрэгч төлөгчөөс ч доогуур үнэлдэг. Хэрвээ нэг мэрэгч “Энэ жил чамд ямар ч муу юм тохиолдохгүй. Би мэдэж байна” гэвэл сэтгэл амар буцдаг. Харин “Энэ жил өөдлөхгүй нь. Ийм юм хий, тийм юм хийж болохгүй” гэвэл хичээнгүйлэн дагадаг. Хийж чадаагүй бол “Хэлснийг нь хийсэнгүй дээ” гэж сэтгэл зовнино. Гэтэл Будда “Үүнийг, түүнийг цээрлэ”, “Үүнийг, түүнийг хэрэгжүүл” гэж захисан шүү дээ. Үүнд анхаарал хандуулдаг билүү? Хэрэгжүүлээгүй бол сэтгэл зовдог гэж үү? Харин ч “Номлолд л тэгж заадаг. Энэ цаг үед яаж тэгж чадах вэ, харин ингэе” гээд Буддагийн үгийг хэрэгсэлгүй өөрийн дураар явдаг. гэж сануулжээ. Үүнийг нухацтай бодохгүй, зугаа баяслын үг төдий эндүүрэхийн оронд дотоод сэтгэлдээ эргэцүүлэн тунгаавал гарцаагүй үнэн билээ. Тиймээс Буддагийн төгөлдөр чанарыг ахин дахин бодож үнэн голоосоо итгэл үнэмшилтэй болохыг хичээ. Ингэж чадвал Буддагийн айлдсан номлол хийгээд түүнийг дагагч хуврагт Будда мэт итгэж, аврал жинхэнэ утгаараа бий болно. Эс чадвал гэгээрэх шат дарааллын тухай ярих ч хэрэггүй. Тэр бүхний үндэс болсон авралд барих сэтгэл ч баттай болохгүй. 2” Номлол сургаалынх нь төгөлдөр шинж Буддагийн хязгааргүй эрхэм чанараас үүдэн бидэнд сүсэг төрдөг. Тэгэхээр “Тэр эрхэм чанар нь онолын ба хэрэгжүүлэх номлол, хорихуй болон зам мөрийнүнэн бөгөөд гэм нүглээс ангижран эрхэм чанар нь онолын ба хэрэгжүүлэх номлол, хорихуй болон зам мөрийн үнэн бөгөөд гэм нүглээс ангижран эрхэм чанар эзэмшсэн шинж чанартай. Энэ бүгдийг бясалган эзэмшсэнээр л номлол нь бий болсон” гэж бод. Номлолын жинхэнэ хураангуй-д: Аль ч ялгуулсан гэгээрэгч хэмжээлшгүй төгөлдөр чанартай. Тэд бүгд номлолоос төрсөн, номлолын л ач тус. Тэд нар бол номлолын биелэл, номлолоос л бий болсон. Тэд бүгдээрээ номлол эзэмшигч, түүнийг баримтлагч. Тэд бүгдээрээ номлолоор бүтээгдсэн. хэмээн бичжээ. 3” Хуврагийн хүрээний төгөлдөр шинж Хуврагийн хүрээний цөм нь хоосон чанарыг шууд танин мэдэгчид юм. Номлолын төгөлдөр чанарыг нэхэн сана. Тэгээд хувраг бол тэр бүхнийг ёсчлон эзэмшсэн гэдэг үүднээс нь бодох хэрэгтэй. Жинхэнэ номлолын хураангуй-д: Хувраг номлол заадаг. Хувраг номлолоо дагадаг. Хувраг номлолоор сэтгэдэг. Хувраг бол номлолын орон зай. Хувраг бол номлолыг баримтлагч. Хувраг бол номлолын үйлсийг цогцлоогч. Хувраг бол номлолын дээдлэгчид. Хувраг бол номлолын амьд цогцлол. Хувраг бол шудрага зантай, ариун сэтгэлтэй. Хувраг бол энэрлийн номлолтон, энэрэнгүй сэтгэлтэн. Хувраг бол эгэл амьдралаас сэтгэл буруулан үргэлж номлолоор амьсгалагч.Хувраг бол үргэлж зөв сайныг хэрэгжүүлэгч билээ. б” Гурван эрдэнэ тус бүрийн онцлогийг мэдсэнээр аврал эрэх Хураангуй заавар журам-д өгүүлсэн ёсоор эрхэм гурван эрдэнийн дотоод онцлогийг нь мэдсэний үндсэн дээр аврал эрдэг. Нийт зургаан онцлог ялгаа бий. 1,Үндсэн шинж чанарынх нь онцлог Буддагийн үндсэн шинж чанар бол төгс гэгээрэл юм. Номлол бол төгс гэгээрлээс боловсорсон жимс. Харин хувраг нь уламжлагдсан заавар журмаар бусдад номлол эзэмшүүлэх үүрэгтэй. 2, Гэгээрүүлэх үйлсийнх нь онцлог Будда гэгээрэлд хүрэх сургаал айлдсан. Номлол нь сэтгэлийн гэм болон зовлонг дарахад чиглэдэг. Харин хувраг гэгээрлийн замаар замнах урам хайрладаг. 3, Сүсэглэж бишрэх онцлог Буддаг сүсэглэн биширч хүндэтгэнэ. Номлолыг дагаж мөрдөн хүндэтгэнэ. Хувраг номлолыг даган биелүүлж байгаа учир түүнийг ч хүндэтгэнэ. 4, Зан үйлийн онцлог Буддад тахил өргөж залбирна. Номлолын хувьд бясалгал ёогийг өөриймшүүлнэ. Харин хуврагт шашин ном болон эд зүйлийн энгийн өргөл, тусламж үзүүлнэ. 5, Нэхэн санахын онцлог Гурван эрдэнийн төгөлдөр чанарыг Гурван эрдэнийн төгөлдөр чанарыг санах судар-т өгүүлснээр бодож явна. 6, Буян нэмэгдүүлэх онцлог Хувь хүн болон номлолыг даган зөв хөгжүүлбэл буян асар их нэмэгддэг. Будда, хувраг хоёр хувь хүн гэсэн үг. Нэг буюу олон хүнийг үлгэр дууриал болгон хөгжүүлсэн ч буян нэмэгдэнэ. Харин хувраг гэдэг нь дөрвөөс дээш тоотой байх учиртай. В” Андгай тавьж аврал эрэх Ёс зүйн дэлгэрэнгүй тайлбар-т Будда бол аврал номлогч. Номлол нь нирваанд хүрэх зам мөр буюу жинхэнэ аврал. Харин хувраг бол авралын биелэл болсон анд нөхөр. Энэ үүднээс аврал эрэх ёстой гэж өгүүлсэн байдаг. Г” Бусдаас бус зөвхөн Буддагаас аврал эрэх Буддын болон бусад шашин, тэдгээрийн багш, шавь нарынх нь дээд, доод ялгааг нь сайн мэдэж ав. Буддын сургаал, номлолтой нийцэхгүй багшаас аврал эрж болохгүй. Буддын болон бусад шашинд ялгаа их бий. Багшийн ялгаа. Будда алдаа дутагдлаас бүрэн салсан. Эрхэм төгс чанар бүрэн эзэмшсэн. Харин бусад шашны багш нар өөр байдаг. Энэ тухай Үлэмж онцгойн магтаал-д: Ямар ч замчин надад хэрэггүй Ялгуусан Будда таныгаа л дагана Яагаад гэвэл алдаа эндлээс Ямагт та минь ангид билээ. гээд цааш нь: Алив сургаал, суртаал олооон Алийг нь ч сонирхож үзээд үзээд Ариун гэгээн Буддын сургаал л Аврагч гэдгийг баттай танилаа Сурталч, сургагч бусад олны Судалсан, оносон нь эндүү дүүрэн Суудал, явдал ташаагийн гайгаар Суут Буддаг танихын хувьгүй ээ. хэмээн айлдсан билээ. Номлол сургаалын ялгаа. Буддын шашин нь амгалангийн замаар явж амгаланд хүргэдэг. Орчлонгийн эргүүлэгнээс чөлөөлдөг. Сэтгэлийн гэмийг бүрмөсөн арилгадаг. Нирвааныг хүсэгчдийг төөрөгдүүлэлгүй зөв дадал эзэмшүүлж, гэмээс нь салгана. Бусад шашин үүнээс тэс өөр байдаг. Үлэмж онцгойн магтаал-д: Амьтан бүгдийг жаргалд хүргэх Ашдын ерөөлт энэ шашны Авралын арслан болсон таны Ариун сургаалыг дагадаг билээ Мөн Магтвал зохигчийн магтаал-д: Цээж урсан шаналлаас салгаж Цэрвэж холдон цээрлэх бүхнийг, Чиглэж дагах авралын замыг, Чин сүжгээр гэгээрэх мөрийг, Адаагүй үнэнээр заасны учраа Ашдын замыг нээсний учраа Ариун Буддагийн гэгээн суртаал Аливаа сургаалаас төгс ялгарна. Шашин хэмээн өөрийгөө цоллогч Шал хуурмаг цэцэрхэл олон ч Шагжамуни Буддагийн сургаалын хажууд Шалихгүй, дэмий, худлаа чалчаа Илүү, дутуу, гоё муухай Ийм ялгаа дунд нь байхгүй Буддагийн сургаал оройгүй үнэн Бусад үлдсэн нь олхиогүй худал Буддаг дагавал зөв рүү хөтөлнө Бусад нь харин төөрүүлж хорлоно Таны болоод бусдын сургаалыг Таних, ялгах шалгуур энэ. Ашид Будда диваажинд хөтөлнө Аливаа бусад нь там руу чирнэ. Аврагч Будда ба хуурмаг шашны Адилгүй ондоо ялгаа нь энэ ээ. хэмээн сургажээ. Энд өгүүлснээр хуврагуудын онцлог ялгааг мэдэж болно. Эхийг шивж оруулсан Ц.Нармандах