1.Үхлийн тухай бясалгахгүй байхын гэм буруу Завшаан бүрдсэн энэ насны хэргийг гаргахад дөрвөн буруу бодол саад болдог. Мөнх бусын жам ёсыг мөнх мэтээр сэтгэх нь хамгийн эхний алдаа юм. Мөнх бус нь энгийн, нарийн хоёр төрөл байдаг. Энгийн мөнх бус буюу үхлийн тухай бясалгахгүй байх нь огт үхэхгүй гэдэг бодол төрүүлдэг гэмтэй. Бид огт үхэхгүй мэт сэтгэсээр яваад бурууддаг. Бүгд насны эцэст үхнэ гэдгээ мэддэг боловч өдөр бүр “өнөөдөр лав үхэхгүй”, “өнөөдөр ч бас үхэхгүй” гэж бодож явсаар нэг л мэдэхэд үхэлтэй нүүр тулдаг билээ. Хэрвээ энэ бодлоосоо салахгүй бол түүнд бүрэн автагдаж, ингээд амьдраад байх юм шиг сэтгэнэ. Тэгээд энэ насны амьдрал төдийхнийг жаргалтай болгож, зовлонгоос салах гэж оролдон энэ ч хэрэгтэй, тэр ч чухал гэж гүйнэ. Тиймээс хойд нас, нирваан, төгс гэгээрэл зэрэг чухал ач холбогдолтой зүйлсийн тухай огтхон ч эргэцүүлэхгүй. Номлол дагая гэдэг бодол даанч төрөхгүй. Хааяа нэг номлол сонсож, судалж, бясалгах боловч зорилго нь энэ амьдралаар хязгаарлагдана. Тиймээс төлөвшүүлсэн сайн чанар нь дэндүү дорой байдаг. Дээрээс нь буруу зөрүү, нүгэл хилэнцтэй хутгалдах нь элбэг. Иймээс муу заяаны шалтгаантай орооцолдохгүй байх гэж бараг үгүй. Хэрвээ хойд насаа бодож зүтгэл гаргалаа гэхэд “яваандаа л хийе” хэмээн хойш тавьж, залхуудаа дийлддэг. Ингээд унтаж хэвтэх, ууж идэх, дэмий чалчих зэрэгт сатаарсаар цаг нөгцөөнө. Тэгэхээр идэвх чармайлттай, ном ёсны зүтгэл гаргаж чаддаггүй. Удаан амьдрана гэдэг мөрөөдөлдөө хууртагдана. Тэгээд хөрөнгө мөнгө, нэрхүнд мэтэд шунан дурладаг. Бүр түүнд хүрч чадахгүй нь хэмээн эмзэглэж, хэт уурлан бухимдаж эхэлдэг. Энэ бүхний хор хөнөөлд автан толгой нь эргэнэ. Ингэж уур уцаар, атаа жөтөөнд баригдан сэтгэлийн гэмүүд бий болно. Улмаар тэвчих аргагүй олдмол сэтгэлийн гэмүүд ундарсаар байх болно. Бие, хэл, сэтгэлийн арван хар нүгэл, засашгүй хүнд алдаа болон аар саар алдаа ч гарна. Улмаар гэгээн номлолоос гажих мэтийн буруу үйлдэл, муу заяаны дааж давшгүй зовлонд хүргэх гэм нүглийн хүч өдөр бүр өсөн нэмэгдэнэ. Энэ бүхнээс салах тухай тодорхой заасан гэгээн номлолын рашаанаас ч холдон оддог. Ингээд сайн төрөл болоод нирвааны амин сүнс тасарна. Төсөөлөхийн аргагүй хүнд хүчир, хатуу ширүүн муу заяанд төрнө. Үхэлд гүцэгдэн, муу үйлийн үрдээ хөтлөгдөн муу заяа руу туугдан одох нь гарцаагүй тул үхэхгүй гэж бодохоос илүү тэнэглэл хаа байх вэ? Дөрвөн зуут- аас: Үхэхэд шүүгч Эрлэг хаан Үнэндээ чи бишээс хойш Үхэхгүй юм шиг алмайрч суувал Үнэнхүү тэнгэрийн дээд буюу. Мөн Бодисадвагийн замнал-д: Алдаа, онооны үрээс бусдыг Авч чадахгүй, орхих байтал Авах төрлөө Эрлэгт даатгаад Алд биеэ ч гээх байтал Энийг тэрнийг ч мэдэхгүйн балагаар Эргэцүүлж таниагүй харанхуйн гайгаар Эртээс гэгээрэлд зориогүйн лайгаар Эндсэн, алдсан олон нь хайраан. хэмээн анхааруулсан юмаа. 2.Үхлийн тухай бясалгахын ач тус Үхлийн тухай үнэн зөв ойлголттой болох нь маш их ач тустай. Жишээлбэл, жам ёсны тухай бага сага ойлголттой, өнөө маргаашгүй үхнэ гэдэг нь тодорхой болчихсон хүн садан төрөл, эд хөрөнгөтэй удаан ханилахгүйгээ ухаарна. Ингээд тэдэнтэй зууралдахаа больж өглөг өгөх зэргээр хүн болсныхоо хэргийг бага ч болов гаргах их хүсэл аяндаа төрдөг. Хөрөнгө хогшил, алдар нэр зэрэг энэ амьдралын юм бүхний төлөө гаргасан зүтгэл нь усны хөөс шиг ямар ч хэрэггүй, хуурмаг гэдгийг ухаардаг. Ингэснээр гэм буруугаас сэргийлж, аврал эрэх, ёс зүй дагах зэргээр сайн үйл хийхдээ үргэлж сүсэглэх болно. Ийнхүү чармайн зүтгэж, амьдралаа гэгээн агуулгаар баяжуулдаг. Өөрөө гэгээн сайхан төвшин рүү тэмүүлэхийн зэрэгцээ бусдыг ч тэр зүгт хөтөлдөг. Тиймээс үхлийн тухай ойлголтоос өөр хэрэгтэй зүйл байна уу? Энэ тухай олон ном сударт жишээ татан, магтаж сайшаан өгүүлсэн байдаг юм. Гаслангаас салгах судар-т: Уриншийг дүгнэвэээс намрых нь ашигтай Ул мөрүүдээс зааных тодорхой Ухаарлууд дотроос “мөнх бус” –ынх гэгээтэй Унах шалтгаануудыг заадгаараа ачлалтай. Мөн бүх сэтгэлийн гэм, нүгэл хилэнцийг бяц цохидог алх, хамаг сайн чанарыг нэг дор эзэмших их үүд гэх зэргээр магтсан байдаг билээ. Цоморлиг-т: Гангар шаазан шиг хэврэгхэн биеийг Гандирс адил хуурмаг ертөнцийг Гарцаагүй чи таньж ухаарахад Гайтуулагч шулмын зэвсэг хугарна. Дэнс барьсан догшин эрлэг Дэргэдүүр зүгээр өнгөрч болно. гээд цааш нь: Энэлж, өвдөж, үхэхээ санаж Энхрийлэх биеэ гээхээ ухаарваас Энэ орчлонд хоригдсоноо мэдээд Эгнэгт алдуурч гэгээрэхийг хүснэ. гэх зэргээр айлдсан байдаг. Товчхондоо бол хүн болж төрснийхөө хэргийг бүтээх цаг нь онцгой завшаан олсон яг энэ үе юм. Бид ихэнхдээ муу заяанд төрж байсан. Сайн заяанд хаа нэгтээ төрлөө ч ихэвчлэн боломжгүй төрөл олж байлаа. Тиймээс тэр үед номлолд суралцах зав зай байсангүй. Бас бүх боломж бүрдсэн ч номлолыг зохих ёсоор нь судалдаггүй. Ингээд “Одоо л лав үхэхгүй” гэдэг бодолд яваандаа хүрдэг. Үхэхгүй гэдэг бодол нь сүйрэл бүхний үүд. Харин үхлийн тухай санаа бодол нь үүний эсрэг буюу аливаа сайн бүхний хаалга билээ. Тиймээс “энэ бол гүнзгий номлол бясалгах чадваргүй хүнд зориулсан заавар” гэж бодож болохгүй. Эсвэл “Өөриймшүүлэх чанар мөн ч гэлээ эхэндээ жаахан бясалгана. Үргэлж бясалгах шаардлагагүй” гээд орхичихож бас болохгүй. Харин зам мөрийн эхлэл, төгсгөл, дунд үеийн алинд нь ч хэрэгтэй заавар журам хэмээн үнэн голоосоо итгэ. Тэгээд өөрийн болтол нь бясалгаарай. 3.Үхлийн тухай санаа бодол бий болгох Ах дүү, амраг садандаа ээнэгшин дассаны улмаас тэднээс сална гэхээр төрдөг айдас бол гэгээрлийн зам мөр судлаагүй хүний айдас юм. Гэвч ийм айдас төрүүлэх гэсэн юм биш. Тэгвэл ямар санаа бодол төрүүлэх гээл байна вэ? Үйлийн үр, сэтгэлийн гэмийн эрхээр бие цогцостой болсон бүхэн үхэх нь гарцаагүй. Энэ айдасаас тийм хурдан салж чадахгүй. Гэхдээ үхээд муу заяанд төрөх шалтгаанаас салахгүй, сайн төрөл ба нирвааны үндсийг бүрдүүлэхгүй үхчих вий гэдгээс л эмээх хэрэгтэй. Ийм айдас байгаа цагт муу заяаны шалтгаанаас салж, сайн төрөл ба нирвааны үндсийг бүрдүүлдэг. Тэгвэл үхэх цагт айх аюулгүй болно. Харин эдгээр зорилгоо биелүүлээгүй бол үхсэн ч үхэх төрөхийн орчлоос салахгүй, ялангуяа муу заяанд төрнө гэхээс айн жихүүцэхэд хүрнэ. Төрөл туулсан цадиг-т: Эргэж, хоргодовч үлдэж чадахгүй Эндэж алдсанаа баллах аргагүй Эргэлтгүй үхэлтэй учрах цагт Энэлж шаналахад хожимдсон байна. Ертөнцийн жам ирдгээрээ ирэхэд Ерийн хүмүүс алдаандаа гэмшиж Алдас болгоныхоо араас гасалж Айсуй шийтгэлийн зовлонгоос сүрдэнэ. Үхэхийн цагтаа айна гэдэг нь Үйлдсэн алдаандаа халаглана гэдэг нь Сайн номлолыг дагаагүйнх билээ Сайтар гэгээрэгч, боловсроогүйнх билээ. Мөн Дөрвөн зуут-д: Амь насаа буцааж өгөхөө Ашид хүн үнэнхүү санаваас Айдас хүйдсээс ангижирч чадна Айлгагч Эрлэгээс сүрдэхээ болино. гэхчлэн айлджээ. “Амь бие, хөрөнгө мөнгөнөөс удахгүй хагацах болохоор утга учир алга” гэж ахин дахин мөнх бусын тухай бодох хэрэгтэй. Тэгвэл тэр бүхнээс салахгүй гэсэн адын горьдлого үгүй болно. Тэр бүхнээс хагацан сална гэдгээс айн жихүүцэхээ больчихвол үхсэн ч эмээх зүйлгүй. 4.Үхлийн тухай ойлголтыг бясалгах арга Үхлийн талаарх ойлголтыг бясалгахдаа гурван үндэслэл, есөн шалтгаан, гурван шийдвэрийн дагуу бясалгадаг. Гурван үндэслэл нь: а- Зайлшгүй үхнэ гэдгээ эргэцүүлэх б- Үхлээ урьдчилан таах боломжгүй в- Үхэх цагт хуримтлуулсан буянаас өөр юу ч туслахгүй а- Зайлшгүй үхнэ гэдгээ эргэцүүлэх Гарцаагүй үхнэ гэдгийг бясалгахад дараах гурван шалтгаан хэрэгтэй. 1, Эрлэгийн эзнээс зугтаж, зайлах аргагүй 2, Амьдралыг уртасгах аргагүй, үргэлж хорогддог 3, Үхэх нь гарцаагүй бөгөөд энэ амьдралд номлолд зориулах цаг байхгүй 1, Эрлэгийн эзнээс зугтаж, зайлах арга үгүй Ямар ч бие цогцос, хувь төөрөгтэй байсан үхэх нь гарцаагүй билээ. Мөнх бусын цоморлиг-т: Төгс гэгээрсэн Будда өөрөө, түүнчлэн шарвага нар Түүний номлолыг сонсоод дамжуулагч брадига Эд нар бүгдээрээ энэ жам ёсноос гажаагүй болохоор Эгэл жирийн хүмүүс бид үхлээс зайлж даанч чадахгүй гэжээ. Ямар ч газар оронд амьдарч байсан үхэл ирдэг жамтай. Энэ тухай мөн тэнд: Үхэл гэж байдаггүй орон Үзэгдэх энэ орчлонд ч үгүй Хөлгүй далай, ууланд ч үгүй Хөх тэнгэр огторгуйд ч үгүй. Мөн дээрх сударт ямар ч үед үхэж болох тухай: Төрсөн үр нь, төрүүлсэн эх нь ч Биеийг элээж төрөл арилжина. Төөрсөн хорвоогийн ийм үнэнийг Сэхээрсэн мэргэд номлож айлдсан. хэмээн сургасан. Үхлээс хэн ч зугтаж чадахгүй. Маани, тарни уншаад ч нэмэргүй. Хаанд өгсөн заавар-т: Жишээ авья. Маш том, гүн суурьтай, хэзээ ч эвдэрч цуурашгүй бөх бат, бас хоорондоо салшгүй барьцалдсан, тэнгэрт тулам өндөр оройтой дөрвөн уул тал талаас зэрэг шахан нийлбэл хамаг өвс ургамал, мод бут, амьтан адгуусыг няц шахна. Энэ үед зугтан зайлж, хүчээр эсэргүүцэж, хөрөнгө мөнгөөр аргалж, маани мэгзэм уншиж бүрэн бүтэн үлдэх аргагүй. Яг үүнтэй адилхан, хаантан минь. Ийм дөрвөн их аюул тулгарахад зугтаах, хүч хэрэглэн буцаах, хөрөнгө мөнгөөр аргалах, маани мэгзэм уншаад ч мултрах аргагүй билээ. Энэ нь өтлөх, өвдөх, үхэх, доройтох дөрөв юм. Хаантан минь. Залуу насыг өтлөлт үгүй хийнэ. Эрүүл мэндийг өвчин үгүй хийнэ. Хамаг сайхан бүхнийг доройтол үгүй хийнэ. Амийг үхэл үгүй хийдэг. Энэ дөрвөөс зугтаах, хүч хэрэглэн буцаах, эд хөрөнгөөр аргалах, золиг шившлэг, эм тан, маани мэгзэмээр ч аргалах аргагүй. хэмээн өгүүлсэн. Гамбава нэгэнтээ “Бид одоо үхлээс айх ёстой. Нэгэнт үхэл ирэхэд айгааад нэмэргүй. Гэтэл бид яг эсрэгээр нь одоо айгаагүй хэрнээ үхэлтэй нэгэнт тулсан хойноо үсээ зулгаах юм даа” гэж хэлсэн байдаг. 2, Амьдралыг уртасгах арга үгүй, үргэлж хорогддог. Хэвлийд орохуй хэмээх номд: Одооноос эрүүл мэндээ ариглаж, хамгааллаа гээд их л бодоход зуун жил, түүнээс жаахан л илүү амьдрана. хэмээн заасан. Амьдрах хугацаа ердөө энэ. Сайндаа л энэ хэмжээнд хүрдэг ч тэр хугацаа маш хурдан өнгөрдөг. Жил нь сараар хорогдоно. Сар нь хоногоор багасна. Хоног нь өдөр шөнөөр өнгөрнө. Тэр нь өглөө, үдэш гэсээр жирийнэ. Тиймээс амьдрал даанч богинохон. Гэтэл энэ хугацааны ихэнх нь нэгэнт өнгөрчихөж. Үлдсэн хугацаа нь өчүүхэн ч нэмэгдэхгүй харин зогсолтгүй, өдөр шөнөөр улам бүр хорогдсоор байна. Энэ тухай Бодисадвагийн замнал-д: Тоолох цаг цохилох тоолон Тоотой нас хорогдож урсана Тогтоох, сунгах арга байхгүй Тосох үхлээс зайлах замгүй. гэж айлдсан. Иймэрхүү жишээ ман олон байдаг. Хэдий ганц гогцоо сүвэлдэг боловч нэг л мэдэхэд бөс даавууг нэхэж дуусдаг. Хонь малыг нядалгааны газар луу туухад ч алхам алхмаар үхэл рүүгээ ойртдог. Оволзон урсах гол болоод хүрхрээнээс буух ус шиг амьдрал жирвэлзэн өнгөрнө. Малчин шилбүүрээр ороолгон туухад хонь мал хар аяндаа хот руугаа дөхдөг шиг өвдөх, өтлөх, зэргээр Эрлэгийн эзний өргөө рүү дөхдөг. Энэ мэтээр жам ёсыг олон талаас нь бясалгах хэрэгтэй. Цоморлиг-т: Урлах танхимд хоосон жаазанд Утас нэмэгдэж, учиг холбосоор Удалгүй нэхэгдэж дуусах бөстэй Урсах насны хэмжээг зүйрлэм. Өнөө өвлийн идэшний үнээ Өдөр хоногоор нядалгаанд ойртоно Өөр төрөлтөн хүн ч бас Өнгөрсөн насаараа маргаашаа хорооно. Энэ голын урссан ус Эргэж сөрөөд ирэхгүйн адил Эдэлж амссан хоног өдрөө Эргүүлж яахин авчирч болно. Уртгүй богино, уясалгүй ширүүн Улмаан бас зовлонт амьдрал Усан дээр бүтээсэн зураг аятай Удаах нь бүү хэл тогтооход бэрх. Тасхийх ташуур, исгэрэх шилбүүр Дальдчих малыг хот руу нь тууна. Өтөлж, ядарч, өвдөхийн шилбүүр Өөрийн биеийг эрлэг рүү тууна. хэмээн айлдсан юм. Адиша гэгээнтэн голын хөвөөнд очоод мөнх бусыг бясалгаж байхдаа хувьсан өөрчлөгдөнө гэдэг чинь чухам мяралзан урсах энэ голын урсгалтай адил хэмээн хэлсэн гэдэг. Тэнгэрлэг туульс судар-т мөн олон зүйлтэй жишин: Гурван ертөнц хаврын тэнгэр шиг Гуйвж, урвах нь агшны зуур аа Гудайж үхэх, өндийж төрөх Гунигт, инээдэмт жүжигтэй адил аа Амьдрал гэдэг аянгын цахил шиг Ахархан агаад урсаж одно оо. гэхчлэн өгүүлсэн билээ. Өчүүхэн ч болов дотроо нэгийг эргэцүүлдэг бол үүнийг ойлгоно. Мөнх бусын жамыг илэрхийлээгүй бодит юм нэг ч байхгүй гэдэг. Энэ үнэн. Тиймээс олон янзаар бодож үз. Энэ маягаар дахин дахин эргэцүүлбэл ойлгох нь гарцаагүй. Өчүүхэн төдий бодох аваас огт нэмэр болохгүй. Гамбава нэг удаа “Бодоод бодоод нэмэр болохгүй байна гэх юм. Гэхдээ та нар өдөр нь юухан хээхэнд сатаардаг. Шөнө нь унтаад өгдөг байж битгий худлаа ярь” гэсэн юм шүү. Зөвхөн насны эцэст Эрлэгийн эзэнд туугдан нөгөө ертөнц рүү явдаг юм биш. Тэр хооронд явж, сууж, унтаж байсан ч амьдрал хорогдсоор байдаг. Ер нь эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлээд ганц ч хором зогсолтгүй нөгөө ертөнцийг чиглэн явдаг. Амьдрана гэдэг өтлөх өвдөх зэргээр Эрлэгийн элчид үхлийн зүг туугдахын нэр юм. Тиймээс амьд ахуйдаа нөгөө ертөнц рүү явахгүй мэт баярлах хэрэг огт байхгүй. Жишээ нь хадан хясаанаас үсэрч газар бяц унахын хооронд юундаа ч баярлах билээ. “Дөрвөн зуут” –ын тайлбар-т энэ тухай: Эрхэм баатрууд эхийн хэвлийд Эхэлж олдсон хормоосоо эхлээд Энэ ертөнцөд мэндлэхээсээ аваад Эрлэгийн зүгт тасралтгүй довтолно. Мөн Дөрвөн буруу үзлийг няцаасан хүүрнэл-д Уулын оройгоос хөл алдаад Унах зуураа амсхийж болох уу? Эхээс төрөөд л үхэл рүү довтолгох Энэхэн чөлөө жаргал мөн үү? гэхчлэн сургасн юм. Энэ бүх ишлэлүүд үхэл дэндүү хурдан ирнэ гэдгийг үзүүлжээ. 3, Үхэх нь гарцаагүй бөгөөд энэ амьдралд номлолд зориулах цаг байхгүй Дээр дурьдсан хугацаанд амьд явж магадгүй. Харин цаг байна гэж найдах хэрэггүй. Бид олон жилийг ямар ч хэрэггүй өнгөрөөжээ.Үлдсэн хугацааг нь унтаж өнгөрөөнө. Дээр нь өөр олон дэмий зүйлтэй хөөцөлдөн хоног өдөр алдаж, залуу насаа үрэн таран хийдэг. Харин өтөлсөн хойноо номлол дагаж, эзэмшье гэвч бие, оюуны чалх нэгэнт доройтсон байдаг. Иймээс хүний нэг насанд номлолд зориулах цаг тун бага байдаг юм. Хэвлийд орохуй-д: Амьдралын хагасыг унтаж бардаг. Арван жилд нь нялх балчир явна. Хорин жил өтөлж хөгширдөг. Мөн гаслан, зовлон, харуусал, хямрал, доройтлоор нэгээхэн хэсгийг нь нөгчөөнө. Бас зүсэн зүйлийн өвчин эмгэгт баригдан нөгөө хэсгийг нь барна. Мөн Дөрвөн буруу үзлийг няцаасан хүүрнэл-д: Хүн хамгийн уртдаа зуу насална. Гэвч насны эхэнд нялх, эцэст нь хөгшин байх учир хэрэг багатай. Улмаар нойр, өвчин мэтэд цаг алдсаар горьдлого тасардаг. Хүний амьдралд ер нь жаргалтай мөч гэж байна уу? гэхчлэн өгүүлсэн байдаг. Чадгава “Хэрвээ амьдралыг жаран жил гэж тооцвол нойр хоол, хөрөнгө хогшил, өвчин зовлонд үрсээр номлолд суралцахад таван жил ч үлдэхгүй” гэж хэлсэн байдаг. Тиймээс “Үхэх үед энэ амьдралын жаргал цэнгэл бүхэн сайхан зүүдээ эргэн санахын дайтай байдаг. Үхэл хэмээх дайсан зогсолтгүй довтолж буй энэ хуурамч амьдралын юунд нь ч баясах билээ” гэж олон дахин бод. Тэгээд номлол судлая гэдэг хатуу шийдвэр гарга. Төрөл туулсан цадиг-т: Үйл заяандаа шаналах хүмүүс ээ Үүрдийн юмгүй тул баясаад яана вэ? Үлэмж тансаг сарнай гоё гэх ч Үзэхэд үлдсэн дурсамж шүү дээ. Орчлонгийн үнэн энэ байхад Огтхон ч айдаггүй хүмүүс гайхмаар Отож, мөрдөх Эрлэг байхад Онхид тоохгүй нь бүр ч гайхмаар Өвдөх, өтлөх, үхэхийн дайсныг Өвдөглөж дарах хэн ч байхгүй. Өөрийн эрхгүй төрөл арилжина Өвчтэй юм шиг баярлах юусан. Бас Каникад илгээсэн захидал-д: Залуу ч байсан, сайхан ч байсан Эрлэг чамайг өрөвдөхгүй авна. Угтах зам бүхэнд отож байгааг нь Ухаантай мэргэд сэрэмжилж мэднэ. Авцаат эрлэг нумаа шүүрч Амь нэхсэн сумаа онилох Агшин зуурын тэрхэн чөлөөнд Амжиж гүйцээ, санасан хүслээ. Энэ талаас нь ч бас бодоорой. б. Үхлээ урьдчилан таах боломжгүй Өнөөдөрөөс хойш зуун жилийн дотор гарцаагүй үхнэ. Гэхдээ чухам хэзээ гэдэг нь тодорхойгүй. Өнөөдөр үхнэ эсвэл үхэхгүй гэж итгэлтэй хэлэх боломжгүй. Харин үхэх нь гарцаагүй гэсэн санаагаар “Өнөөдөр үхнэ” гэж бодож сурах хэрэгтэй. “Өнөөдөр үхэхгүй” эсвэл “Өнөөдөр арай үхчихгүй байлгүй” гэж найдвал амьдралаа төвхнүүлэх гэсээр хойд насны талаар санаа зовохгүй. Энэ хооронд гэнэт Эрлэг ирж аваад явахад гаслан тарчилж үхдэг. Харин өдөр бүр үхэх бэлтгэлтэй байвал хойд насанд хэрэгтэй олон зүйл амжуулдаг. Үхэхгүй ч гэсэн түүнийг хийлээ гээд муу нь юу байхав. Харин үхлээ гэхэд гарцаагүй хэрэг болно. Жишээлбэл, өөрийг чинь хорлох дайсан удахгүй ирнэ гэдгийг мэдэж байгаа гэж бодъё. Гэхдээ чухам хэзээ гэдгийг нь тодорхой мэдэхгүй бол үргэлж сэрэмжтэй байхаас өөр аргагүй. Үүнтэй л адил. Өдөр бүр”Өнөөдөр үхнэ” гэж, адаглаад “Өнөөдөр үхэж ч магадгүй” гэж бодоод сурчихвал хойд насаа бодож, энэ амьдралын үймээн самуунд автдаггүй. Үхнэ гэдэг бодолгүй бол энэ ертөнцөд удаан амьдрах мэтээр сэтгэнэ. Тэгээд хоногийн хоолны араас гүйсээр хойд насын мартдаг. Жишээлбэл, нэг газар удаан суурьшихаар болвол төвхнөж эхэлдэг. Харин суурин байхгүй бол нүүж суух бэлтгэлтэй байдаг. Тиймээс өдөр бүр үхнэ гэдэг бодлыг доорх аргаар бий болгоорой. 1-Энэ ертөнцөд амьдрах хугацаа тодорхойгүй Уттаракуру тивийнхний амьдрах хугацаа тодорхой байдаг. Бусад тивийнхэн чухам хэд насалдаг нь тодорхойгүй ч ихэнхдээ насаа гүйцээдэг. Замбу тивийнхний нас харин огт тодорхойгүй. Эхэндээ тоолж баршгүй удаан амьдардаг байсан. Улмаар хорогдож бүр арваадхан жилийн настай болтлоо богиносох ажээ. Тиймээс одоо хөгшин, залуу, дунд насны хэнийг ч үхэхгүй гэж хэлэх аргагүй. Энэ тухай Авхидхармакоша номд: Энд тивийн хувьд тодорхой юмгүй эхэндээ хязгааргүй, эцэстээ арав насална. Мөн Цоморлиг-т: Өглөө таараад мэндэлж зөрсөн Өчнөөн хүнтэй орой нь уулзахгүй Үдэш салсан хүмүүсийн олон нь Үүрээр сэрэхэд хорвоод байхгүй. Цааш нь: Эрчүүл, хүүхнүүд олон байлаа ч Идэр залуудаа ч нас барж болно Насны галтайд үхэхгүй мэтээр Найдах юм хаана байна аа. Эхэс байхдаа ч зулбаж л байдаг Эхээс төрмөгцөө ч эндэж л байдаг Мөлхөө насандаа ч алга болдог Мөрөө гаргаад арилах нь ч бий Идэр залуудаа, дунд насандаа Эсвэл бүр зөнөсөн хойноо Ээлж дараалан нөхцөж одох нь Эрхгүй үйлийн үрийг дагах нь Болц нь гүйцээд самар жимс Бороо шиг асгаран унахын адил аа. хэмээн айлдсан. Багш болон найз нөхөд чинь гэнэт л гадна, дотны ямар нэг шалтгаанаар насны эцэст хүрэлгүй, санаснаа гүйцээж чадалгүй үхсэн тухай үзсэн, сонссоноо нэхэн сана. Тэгээд” Би ч гэсэн энэ жамыг тойрохгүй” гэж олон дахин бодож үхнэ гэдэгтэй эвлэр. 2-Үхэх шалтгаан олон, амьдрах боломж бага Энэ амьдралыг бусниулах амьтай, амьгүй олон юм бий. Хүн ба хүн бус элдэв зүйлийн ад зэтгэр байдаг. Эдгээр нь янз бүрээр хор хөнөөл учруулна. Араатны аманд ч амь насаа алдаж болно. Үүнчлэн тэдгээр нь хэрхэн хор хөнөөл учруулдаг тухай бод. Мөн бидний бие хий, гал, ус, шороо хэмээх дөрвөн махбодоос бүрддэг. Тэд хоорондоо харшилснаас бодисын тэнцвэр алдагдана. Нэг нь ихсэж нөгөө нь багасна. Ингээд амв авах өвчин үүсдэг. Ийм хор хөнөөл бидэнтэй хамт төрдөг учраас энэ биедээ найдах аргагүй. Тиймээс Агуу их нирваан сударт: Энэ амь биеийг үргэлж дайсан хүрээлж байдаг. Тиймээс хором бүр амьдрал хорогдоно, огтхон ч нэмэгдэхгүй хэмээн бодохыг үхлийн тухай ойлголт гэдэг гэж бичсэн байдаг. Мөн Нагаржунагийн Эрдэнийн эрхи-д: Эрлэгийн эрхэнд урваж хөрвөх Энэ хорвоогийн амьдрал болбоос Элсэн шуурганд дальдчих зултай Эгээ адил, эмзэг, хэврэг. Анддаа илгээсэн захидал-д: Хөөж, урсгах амьдралын үер дунд Хөөс, цэврүү шиг эмзэгхэн байтлаа Амсхийж, нойрсоод гэрэлт өглөө Амьсгал хураалгүй сэрсэн нь зол. Дөрвөн зуут-д:
Нэг нэгээрээ оршиж чадахгүй махбодууд Нэгдэн нийлж бие цогцсыг бүтээсэн атал Хоорондоо огт харшилахгүй юм шигээр Хоосон төсөөлбөл том эндүүрэл болно. гэхчлэн сургажээ. Таван муу зүйл нүүрлэсэн энэ цаг үед урт наслах, сайн үйлийн үр хураасан нь ховор. Ууж хэрэглэх эмний үйлчилгээ муудан, өвчин дарах чадал нь суларчээ. Хэрэглэж буй хүнс шингэц муутай болсны дээр дөрвөн махбодыг тэтгэх чадвар нь ч буурсан байна. Шингэлээ гэхэд тусаар тун бага болж. Мөн хуримтлуулсан буян өчүүхэн атал алдаа эндэгдэл ихэсжээ. Тиймээс уншсан маани тарни ч хүч багатай болжээ. Энэ бүх шалтгаанаар урт наслах нь ховордсон юм. Амьд явах олон нөхцлөөс үхлийн шалтгаан болж урвахгүй зүйл алга. Үхэхгүйн тулд бид хоол хүнс, гэр орон, найз нөхөд зэргийг эрж хайдаг. Гэтэл хоолоо ихдүүлэх, багадуулах мөн таарахгүй юм идэж уух болдог. Бас гэр орноо сүйтгүүлж нөхөртөө хууртана. Ийнхүү амьдрах гэж цуглуулсан зүйл маань эргээд үхлийн шалтгаан болдог. Нөгөөтэйгүүр амьдрана гэдэг үхэхийн тулд оршиж буй хэрэг. Тиймээс амвд явах нөхцөл олон ч тэдгээрт найдах аргагүй. Энэ тухай Эрдэний эрхи-д: Алагдаж, үхэх шалтаг олоон Арай гэж таарах амьдрах завшаан ч Алдаж, түүнээсээ салахын шалтгаан тул Аврал,гэгээрлийн мөрийг л хөө. хэмээсэн байдаг. 3-Энэ бие маш хэврэг учир хэзээ үхэхийг нь тодорхойлох аргагүй. Бидний бие усны хөөс шиг хэврэг учир хор хөнөөл сүрхий байх албагүй. Өргөсөнд хатгуулаад ч үхэж мэдэх юм. Тиймээс ямар ч шалтгаанаар хялбархан үхэж болно. Анддаа илгээсэн захидал-д: Долоон нар шарах цагт Довцог байтугай Сүмбэр ч шатна. Догшин далай ч ууршиж арилна. Дорд хэврэгхэн хүмүүнийг яалтай. гэж хэлсэн буй. Дээр өгүүлснийг бодсныхоо дараа Эрлэгийн эзэн амь насыг хэзээ бүрэлгэх нь тодорхойгүй, тиймээс хойшлуулахгүй одоо л номлолд сцралцья гэдэг хатуу шийдвэр ахин дахин гаргах хэрэгтэй. Каникад илгээсэн захидал-д: Эрлэг хаан хэнд ч анзаарагдахгүй Эгшин зуур л буугаад ирэх тул “Ирэх маргааш” гэж хойш тавилгүй Эрдэм, номлолд хүчээ зориул аа. Үйл, ажлыг маргааш гэж Халширч битгий хойш нь тавь. Үнэнийг хэлэхэд өглөө нартай Золгох, золгохгүйг хэн мэднэ? Агуу их ёогч Шри Жаган Митрананда: Хосгүй заяагаар амьдралыг эзэгнэвч Хорвоогоос бие зээлснээ санаад Эрүүл, жавхлант, тэнхлүүн цагт нь Эрхэм үйлийг ханатлаа бүтээж Эцэс хойт өтлөхийн цаг дээр Эгнэгт дордож ядарсан хойно бол Элдэв мөрөөдөл нэрмээс л болно. гэхчлэн бичсэн байдаг. Энэ гурван үндэслэлийн дотроос үхлийн тааварлашгүй байдал бол сэтгэл санааг эргүүлдэг хамгийн чухал үндэслэл юм. Тиймээс энэ хэсгийг хичээнгүйлэн судлаарай. б.Үхэх цагт хураасан буянаас өөр юу ч туслахгүй. 1”Хэн ч тусалж чадахгүй Хүн нөгөө ертөнц рүү гарцаагүй явна. Үхэх үед садан төрөл чинь яаж ч харамсан гашуудаж, хайрлан өрөвдөж, тойроод зогсож байсан ч нэг нь ч хамт явахгүй. 2”Хичнээн эд хөрөнгө байлаа ч хэрэг болохгүй Сэтгэл хоргодом их эд хөрөнгөтэй байлаа гээд өчүүхэн хэлтэрхий өвөртлөөд, аваад явж чадахгүй. 3”Энэ бие хэрэг болохгүй Цуг төрсөн яс махаа ч орхиод одох тул бусдыг нь ярих хэрэг байхгүй биз. Тиймээс “Энэ амьдралын сайн сайхан бүхэн надаас хагацан одно. Би ч тэр бүхнээ орхин нөгөө ертөнц рүү явах нь зайлшгүй. Бүр өнөөдөр ч үхэж мэднэ” гэж бодож бай. Тэгвэл гагцхүү хийсэн буян, сайн үйл чинь л аврал, нөмөр нөөлөг юм гэдгийг ойлгодог. Каникагийн захидал-д энэ тухай: Цогц биетэйгээ төрсөн үйлийг Цугийг эдэлж барлаа ч гэсэн Цоо шинэхэн хилэнц соёолж Цоровдож үхэлд хөтлөх аюултай. Хар, цагаан үйлийн үрээс өөр Хань бараа болох юм чамд үгүй. Авсан, олсон, учирсан бүгд Арилж, чамайг орхих болно. Харин Шри Жаган Митрананда: Эрхэм дээдсийн сан арвин ч Эрлэгт ямар ч хамаа байхгүй Эгшин зуур бүхнээс нь салгаж Эзэрхэн чамайг шүүх болно. Дайнд сөхрөх шиг хамгаа алдан Дайсандаа баригдах мэт хүчээ баран Даамай амрагаа, хөвүүнээ ч орхин Даанч хатуугаар хагацан сална. Эргэлдэх хувцасгүй, садан төрөлгүй Эзний ширээ, харш орд ч үгүй Эзэрхэг баатар, дайчид ч үгүй Эднийхээ барааг эгнэт харахгүй. Ган оосроор гавлаж холболоо ч Ганц ч амьтан чамайг дагахгүй Гарцаагүй үйлийн эзэн ирэхэд Гарах газаргүй, хаан дээдэс ч. гэх зэргээр дурьджээ. Найман завшаан, арван боломж бүхий энэ насыг олоход бэрх атлаа маш хэврэг, оллоо ч хялбархан үхнэ гэдгийг эргэцүүлэн бод. Бид хойд нас, дараа төрлийн урвашгүй амгаланг бүрдүүлэхийн оронд өнөө маргаашийн жаргал эрж, зовлонгоос зугтах гэж оролддог. Үүнийг битгий хэл ихэнх адгуус ч дөнгөнө. Тиймээс хүн адгууснаас эрс ялгарах үйл хэргийг бүтээх хэрэгтэй. Эс тэгвэл дээд төрөл олсон ч завшаан, боломж бүрдсэн энэ төрлийг олоогүй доод төрөлтэй адилхан шүү. Энэ тухай Бодисадвагийн замнал-д: Гайхам завшаан, олдошгүй боломжийг Гавъяа болгож буян хураалгүй Гавихгүй, мэнэрч барах нь хайран. хэмээн сануулжээ. Үхлийн талаарх дээрх ойлголтуудыг бий болгоход хэцүү. Гэхдээ зам мөрийн үндэс нь болохоор хичээх л хэрэгтэй. Бодова үхлийн тухай хэлэхдээ: Мөнх бусыг бясалгавал бидний төөрөгдөл арилна. Элгэн садан, хөрөнгө мөнгө зэрэг насны эндүүрэл бүхнээс салгана. Хэнийг ч дагуулахгүй орь ганцаар нөгөө ертөнц рүү шулуухан явна гэдгийг ухааруулна. Ном буянаас өөр юунд ч цаг зарцуулахгүй гэсэн бодол бий болж, энэ амьдралтай зууралдахаа болино. Ийм бодол төрөөгүй цагт номлол сургаалын зам бүхэн хаалттай. Мөн Долба: Сайн бүхнийг өөртөө цогцлуулж, алдаагаа зас. Будда болоод багшид тэвчээр хатуужилтай, хичээнгүйлэн залбир. Зуун жилд хөгждөггүй ч гэсэн бүх зүйл нөхцөлдөн бүтдэг болохоор надад гэгээрэх тэмүүлэл төрж л таарна хэмээн бод хэмээн захисан байдаг. Ганбава багшаас шавь нь “Бясалгалаа солих болсон уу” гэж асуужээ. Тэгэхэд нь “Наадхаа л давт” хэмээн хариулж. Бас “Нэмэх үү” гэхэд “Нэмэх шаардлагагүй” гэж хариулсан гэдэг. Тиймээс оюуны чадавх хүрвэл дээр өгүүлсэн дагуу бясалга. Харин чадвар хүрэхгүй бол гурван үндэслэл, есөн шалтгааны аль тохиромжтойг нь сонгож аваарай. Тэгээд энэ амьдралтай багласан шуналын цалмыг тасартал бясалга. Үхлийн тухай санаа бодлыг цаазын тавцан руу туугдагчдийн энгэрт зүүсэн ялын пайз шиг үхэн үхтлээ тээж яв. Мөн багш шавийн барилдлага, завшаан –боломж болон мөнх бусын тухай өгүүлсэн эрхэм зарлиг, түүний тайлбаруудыг үзэж танилц. Тэр бүхнийг өөрийн дагах заавар журам болгон судал. Тэгвэл Буддагийн үзэл санааг хялбархан ойлгоно. Бусад бүлгүүдийг ч энэ зарчмаар судлах хэрэгтэй.