Эхлэл
Бурханы шашин
Мэдээ нийтлэл
Бясалгал
Аудио
Видео
Бяцхан Будда
Хандив
Хэлэлцүүлэг 
Холбоо барих 
Сайтын тухай
Ангилал
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ
МОНГОЛЫН БУДДИЗМ
СУДАР ТАРНИЙН ДЭЭЖИС
ӨДӨР ТУТМЫН АРИУСАЛ
БУДДЫН СУРГААЛ
БУДДЫН ЗАН ҮЙЛ
ЕРӨӨЛ, ЗАЛБИРАЛ
БУДДЫН ГЭГЭЭНТЭН МЭРГЭДҮҮД
БУСАД ЭХ СУРВАЛЖ
Статистик мэдээлэл
Хандив
БОДЬ МӨРИЙН ЗЭРЭГ буюу гэгээрэлд хүрэх зам: Бүлэг VII -ЗАВШААН, БОЛОМЖ БҮХИЙ ХҮНИЙ ЗАЯА
Мэдээ оруулсан:
Огноо: 3/30/2010
Б. Багшийг ёсчлон шүтсэн шавь хэрхэн суралцах тухай
Энэ нь хоёр хэсэгтэй:
Завшаан, боломж бүхий хүн заяаны тухай сануулах
Завшаан, боломж бүхий хүн заяаны хэргийг гаргах
Завшаан, боломж бүхий хүн заяаны тухай сануулах
Завшаан, болмж бүхий хүн заяаны тухай сануулах нь завшаан, боломж бүхий хүн заяаг тодорхойлох, утга учрыг нь эргэцүүлэх, олдоход бэрх болох тухай бодох гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.
а. Завшаан, боломж бүхий хүн заяаг тодорхойлох
Завшаан
Эрхэм нандин чанарын хураангуй судар-т:
Сохор дүлий адгуусны
Завшаангүй найман төрлийг
Сургаалаар тэвчиж
Найман завшааныг олно.
хэмээсэн байна.
Энд өгүүлснээр золгүй найман төрлөөс салбал завшаантай болох ажээ. Харин золгүй найман төрлийг Нагаржуна Анддаа илгээсэн захидал- даа ингэж тодорхойлжээ:
Үзэл буруутны оронд төрөх,
Үзтэл мунхаг адгуус болох,
Үнэнхүү гэсгээлт тамд унах,
Үзэшгүй зовлонт бирд болох ,
Шашин номоос хагацаж төрөх,
Шал тэнэг, хэлгүй мэндлэх,
Насан урттай тэнгэр эдгээрийн
Найман золгүй төрлөөс ангид
Онцгой завшаан олдсон дээрээ
Орчлонгоос мултрах бүхнийг хийгтүн.
Түүнээс гадна дээрх найман заяанаас ангид боловч 1. буддын дөрвөн хувраггүй газар, 2. мангуу, хэлгүй, дүлий, тахир дутуу, 3. урьд ба хойд нас, үйлийн үр, эрхэм гурван эрдэнийг үгүйсгэгч буруу үзэлтэн, 4. Будда залраагүй түүний зарлиг сургаалгүй газар нутагт төрөх дөрвөн золгүй нөхцөл байдаг. Үүний эхний хоёр ба сүүлийнх нь авах гээх оюуны чадваргүй бол гурав дахь нь буддын шашинд итгэдэггүй юм. Гурван муу заяанд сайн чанар хөгжүүлье гэдэг санаа төрөх маш хэцүү, төрлөө ч зовлон нь дийлдэшгүй учир чадал дутна.
Махамати “Анддаа илгээсэн захидал”-д хийсэн тайлбар-таа урт наст тэнгэрийг ухамсаргүй, дүрсгүй хоёр зүйл бий гэж хэлжээ. Мөн Ашвагхоса Золгүй найман төрлийн тухай өгүүлэл-дээ Хүсэлт тэнгэрүүд үргэлж мэдрэхүйн ханамж таашаалд автдаг гэсэн байна. Харин Васубандху Абхидхармакоша номдоо ухамсаргүй тэнгэрийн орон тогтворжсон бясалгалын дөрөвдүгээр үеийн Агуу шимт төвшинтэй нэг зиндаанд, гэхдээ маш хол оршдог. Тэнд төрөх, үхэх хоёроос бусад үед сэтгэхүй болон сэтгэл зүйн үйл явцууд унтарна.
Ингээд олон Их галвын турш сэтгэхүй ба сэтгэл зүйн үйл ажиллагаа нь бүрэн зогсдог. Дүрсгүй мандалд буй архадыг завшаангүй гэж хэлэх аргагүй. Харин тэнд төрсөн жирийн хүн нирвааны зам мөрийг эзэмших болмжгүй учир завшаангүй гэж байгаа юм. Байнга л ханамж таашаалд мансуурсан хүсэлт мандлын тэнгэрүүд үүнтэй адилхан.
“Анддаа илгээсэн захидал”-д хийсэн тайлбар-т чухам яагаад завшаангүй гэснийг ингэж тайлбарлажээ:
Энэхүү найман төрөлд зөв дадал хөгжүүлэх чөлөө зав байхгүй учир завшаангүй юм.
гэж өгүүлсэн байдаг.
2-Боломж
а. Өөрөө бүрдүүлэх боломж
Өөрөө бүрдүүлэх таван боломж байх бөгөөд Шаравагийн төвшин судар-т:
Бурхан шашинтай төв оронд
Бүхий эрхтэн нь эрүүл, бүтнээр
Түмэн завшаант хүн болж төрөөд
Түйтгэрт хилэнцээс холуур тойроод
Төгс гэгээрэлд үнэнхүү сүсэглээд
Төгөлдөр ёс зүйг баримтлан замнах
хэмээсэн байдаг.
Үүний “бурхан шашинтай орон” гэдэг нь буддын дөрвөн зүйл сахилтай хуврагтай газар нутаг гэсэн үг юм. “Эрхтэн нь эрүүл” нь мангуу, хэлгүй биш, нүд, чих мэт үндсэн болон туслах эрхтнүүд бүрэн бүтэн байхыг хэлж байгаа юм. “Хилэнцээс холуур тойроод” гэдэг нь засашгүй алдаа гаргаагүй, түүнд бусдыг өдөөн хатгаагүй гэсэн санаа. “ Төгс гэгээрэлд үнэнхүү сүсэглээд” гэдэг нь ерийн болон ер бусын сайн чанар хөгжүүлэх ёс зүйд итгэхийг хэлнэ. Харин “төгөлдөр ёс зүй” нь буддын гурван аймаг савын эрдэм мэдлэгийг илэрхийлж байгаа юм. Энэ тав нь хувь хүн үйлийнхээ үрээр бүрдүүлдэг үлэмж чухал нөхцөл болно. Тиймээс өөрөө бүрдүүлэх боломж гэдэг.
б. Бусдын бүрдүүлэх боломж
Бусдын бүрдүүлдэг таван боломж нь:
Будда заларсан эрин байх,
Буянт номлол нь түгэж байх,
Бурхны шашин оршин байх,
Бултаараа түүнийг биширч байх,
Бусдыг энэрэхүй үндэслэж байх.
“Будда заларсан эрин” нь тоолшгүй гурван галавт эрхэм чанар цогцлуулан гэгээрлийн зүрхэнд хүрсэн буюу төгс гэгээрсэн Будда оршин буйг хэлнэ. “ Буянт номлол нь түгэж байх” гэдэг нь Будда болон түүний шавь нар номлол зааж буй гэсэн үг. “Бурханы шашин оршин байх” нь төгс гэгээрсэн Будда үлдэгдэлгүй нирваанд орох хүртлээ үнэмлэхүй үнэний гэгээн номлолоо таниулсны үндсэн дээр буддын шашин доройтоогүй гэсэн санаа. “Бултаараа түүнийг биширч байх” гэдэг нь түүний номлолыг эзэмших чадвар байна гэж үзээд өөрийн мэдсэнээ тэдний хэр хэмжээнд нь нийцүүлэн зааж, дагуулахыг хэлнэ. “Бусдыг энэрэхүй нь үндэслэж байх” гэдэг бол өглөг хайрлагч болон өгөөмөр сэтгэлтнүүд хуврагийн хувцас зэргийг өгөхийг хэлж байгаа юм. Энэ тав нь бусдаас шалдтгаалдаг гол нөхцөл болдог. Тиймээс бусдын бүрдүүлэх боломж гэдэг.
Шаравагагийн төвшин номд өгүүлсэн бусдын бүрдүүлэх боломжуудын дөрөв нь өнөө үед бүрдэхгүй л болов уу. Харин гэгээн номлол ба гэгээн номлолыг заагчид байгаа болохооор номлол оршин байж түүнийг дагагчид гарч ирнэ. Тиймээс зохих нөхцлүүд байна гэж үзэж болох юм.
в. Завшаан, боломж бүхий хүн заяаны ач холбогдол
Үүрдийн амгалан жаргаланг олох сайн чанар эзэмшихийн оронд өнөө маргаашийн жаргал хайж, зовлонгооос зайлан зугтахыг адгуус ч чадна. Харин сайн заяанд төрчихөөд амьдралд ингэж хандвал адгууснаас юуны ялгаа. Чандрагомины Шавьдаа илгээсэн захидал-д:
Ангал жалганаас азаар гарчихаад
Атга өвс үмхэх гэж шунаад
Ахиад хавцал рүү нисэх тугалтай
Амьд явахын тулд амьдрах яг адилхаан
хэмээсэн билээ.
Ерөөсөө хувь төөрөг бүхэн сайн чанар эзэмшихэд, ялангуяа Их хөлгөнд суралцахад тохироод байдаггүй. Гагцхүү өмнө дурьдсан бүх боломж бүрдсэн байх зайлшгүй шаардлага бий. Шавьдаа илгээсэн захидал-д энэ тухай:
Гэгээрэл ухаарлын оройд гарааад
Гэнэн ертөнцийг жолооодохын заяа
Хатуужсан сэтгэлийн тэнхээтэй хүнд
Хааяа нэгдэх ногдох ерөөлтөй.
Тэр замаар араатан, жигүүртэн
Тэнгисийн загас, лусын савдаг
Тэтгэгч сахиус, тэнгэр хүртэл
Тэгж замнаж чадахгүй юм шүү
Мөн Хэвлийд орохуй хэмээх судар-т:
Хүн болж төрөөд зовлон эдэлдэг ч гэлээ сайн заяа юм хойно хэдэн сая галав хайгаад ч олно гэдэг хэцүү. Тэр бүү хэл тэнгэрүүд үхэж буй нэгэндээ сайн заяанд төрөх болтугай гэсэн ерөөл хэлдэг. Тэр сайн заяа нь хүний төрөл юм шүү дээ.
гэх зэргээр өгүүлжээ.
Энд өгүүлснээр тэнгэрүүд ч хүн болж төрөхийг хүсэж мөрөөддөг ажээ.
Мөн урьд насандаа хүн явахдаа сургаал судалсан авъяастай Хүсэлт мандлын тэнгэрүүд хоосон чанарыг ухаарах боломжтой байдаг. Гэхдээ Хүсэлт тэнгэрийн биеэр ертөнцөөс хэтийдсэн мөрийг олохгүй. Өмнө нь Хүсэлт мандалын тэнгэр золгүй заяанд багтдаг гэдгийг хэлсэн. Тиймээс гэгээрлийн анхан шатны төвшинд хүрэхэд хүний төрөл хамгийн зохимжтой юм. Уттаракуру тивийнхэн хэдий хүн боловч ёс зүйн чанар төлөвшдөггүй, харин бусад гурван тивийнхэнд энэ чанар төлөвшдөг. Тэр дундаа Замбутивийн хүн үүнд илүү тохиромжтой.
Тиймээс энэ талаар олон талаас нь ахин дахин бясалга:
Ийм сайхан заяагаа би дэмий үрж болно гэж үү. Үүнийг утга учиргүй өнгөрөөвөл өөрийгөө хуурсантай адил, түүнээс илүү тэнэглэл гэж хаа байхав. Би муу заяаны аймшигтай урт замыг туулсаар сая л нэг саллаа. Энэ боломжийг алдвал дахин муу заяанд төрнө. Тэгвэл ухаан санаагаа гээж, ховсдуулан эргүүтсэнтэй адилхан.
Мөн хутагт Арьяшура хэлэхдээ:
Төрж ирээд үхэж буцах
Төөрөг заяаны энэхэн завсарт
Төөрч, дариж хэзээ ч энддэггүй
Төрөлд хүрэх боломж байдаг аа.
Оройгүй гэгээрлийн зам буй тул
Очир эрдэнэтэй ч зүйрлэхгүй үнэтэй
Орчлонд хосгүй хүний төрлийг
Олсон завшааныг битгий алд аа.
гэсэн бол Бодисадвагийн замнал-д:
Санаснаар олдохгүй энэ завшаанд
Сайн суртлаар замаа засаад
Зөв номыг мөрлөхгүй алдвал
Зөнөг, тэнгэрээс ч долоон дор оо.
Авралын номыг мэдсэн хэрнээ
Алхайж залхуурч хойшоо суувал
Амин наснаас хагацахын хэрдээ
Амсах гаслан минь тоогүй болно оо.
Халуун тамд шатах цагт
Хамаг бие шалзрах цагт
Харамсаж, гаслах сэтгэлийн ттүймэр
Хамтдаа бас дүрэлзэн шаналаана.
Олдоход бэрхтэй хүний төрлийг
Олж мэндэлсэн азтай байлаа ч
Алдаж, осолдон хилэнцэд ойчиж
Аюус там руу унах нь энүүхэнд.
Адын ховсонд эргүүтсэн ч юм шиг
Алийгаа алдан самуурсан ч юм шиг
Алмайрч, манаран будилаад яваагаа
Алинаас, хэнээс асуултай ч билээ.
хэмээсэн билээ.
Донбо “Завшаан, боломж бүхий хүн болж төрснөө бодож явдаг уу” гэж Жанавагаас асуужээ. Тэгэхэд Жанава “Ганц бодож явдаг юм минь шүү дээ” гээд:
Өөрөө гэгээрэх боломжтой дээрээ
Өрсөж хэрвээ амжихгүй л юм бол
Өмхий тамд ойчсон хойно
Өргүүлж хэнээр татуулах билээ
Хэмээн бясалгалынхаа өмнө байнга уншдаг “Төвд үзэлд орох”-ын тайлбар номын дээрх хэсгээс хэлж өгчээ.
Сайн заяа нь алс хэтээ бодсон ч ач холбогдолтой юм. Мөн ойрын зорилгоо биелүүлж өндөр язгуурт төрөх, хөрөнгө хураах, найз нөхөдтэй явахын үндэс болсон өгөөмөр чанар, ёс суртахуун, тэсвэр тэвчээр болон бусад чанарыг хүн хялбархан эзэмшинэ. Энэ бүхнийг бодолцох хэрэгтэй. Бас доорх маягаар бодоод үз:
Хойд насандаа дээд язгуурт төрөх, нирваанд хүрэх хоёуланд нь тустай хүн заяаг алинд ч үгүй өдөр хоног аргацаан өнгөрөөвөл эрдэнэсийн арлаас гар хоосон буцахтай адил. Тэгвэл дараа төрөлдөө найман завшаан, арван боломж бүрдсэн хүн заяанд дахин төрөхгүй учир жаргал үзэхгүй, зовлон л үргэлжилнэ. Ингэж тэнэгтэж болно гэж үү.
Мөн хутагт Арьяшура:
Урьд төрлүүдийн буян нийлээд
Ухаант хүний төрөлд авчравч
Улмаар буянаа нэмэхийн оронд
Угаадас болгон асгаж дуусгаад
Дараа төрөлдөө нөгөө ертөнцөд
Давшгүй зовлонгийн өрөөнд унах нь
Эрдэнэсийн арлаас хувьгүй наймаач
Эргэж хоосон буцахтай адил аа.
Арван буяныг тогтоогоогүй бол
Ахиж чи хүн болж чадахгүй ээ
Адгуус төрөлтөн цэнгэж болох ч
Адгийн зовлонтой ч жишишгүй дор л доо.
Олдсон төрлөө дээшлүүлэхгүй л бол
Онцгой завшааныг ашиглахгүй бол
Ондоо төрөлдөө жаргана гэх нь
Орой, үдшийн зэрэглээ адил аа.
хэмээсэн байдаг.
Ингэж эргэцүүлэн бодоод хүний амьдралыг утга учиртай өнгөрөөх чин хүслээ өдөөх хэрэгтэй. Энэ тухай Бодисадвагийн замнал-д:
Энэ биеийг тэжээсний хөлсөнд
Эрхэм гэгээрлийн моринд хөллөнө
Энэ ажилд зүтгэхгүй гэвэл
Эргээд хооллох хэрэг байна уу
гээд цааш нь:
Энэ насны төрлийн салаар
Энэлэнгийн далайг хөвж гатална
Энэ сал дахиад одохгүй
Эрхбиш байгаа дээр нь сэлүүрдээд бай.
Гэхчлэн айлджээ.
Бодовагийн Сургаалт үлгэр номд байдаг “Өт залбирав, хулан унав, Замба нутгийн загас, Арвайн бантан” хэмээх сургаалт үлгэрүүдийг санан найман завшаан, арван боломж бүрдсэн хүн заяаны тухай эргэцүүлээрэй.
в. Завшаан, боломж бүрдсэн хүн заяаг олоход бэрх.
Энэхүү завшааны тухай Ёс зүйн судар-т “Муу заяанаас төрөл арилжаад тэндээ төрдөг нь шороон түм. Харин муу заяанаас сайн заяаг олно гэдэг хурууны өндгөнд тогтох тоостой адил. Хоёр сайн заяанаас хагацан муу заяанд оддог нь түг түм. Тэндээсээ сайн заяанд төрнө гэдэг хумсны үзүүрт тогтох тоостой ижил” гэжээ. Тэгэхээр сайн, муу аль ч төрлийн дараа хүн заяаг олох хэцүү ажээ.
Асуулт: Яагаад хүн заяаг олох тийм хэцүү байдаг юм бэ.
Хариулт: Дээд төрөлтөн хүмүүсийн олонх нь буянт үйл хийхийн оронд ихэвчлэн буруу үйл хийж алдах нь элбэг. Тиймээс муу заяанд төрдөг. Энэ тухай Арьяадэва Дөрвөн зуут-даа:
Гэнэн мунхагууд хавьгүй олоон
Гэгээрлээс буруулах нь маш үнээн
Гэсгээлт харанхуй тамын нүхэнд
Гэмээ дагасан тэднээр дүүрдэг.
гэсэн байдаг.
Түүнчлэн бодисадвад уурласан ганц хором төдийгөөр Амсхийх чөлөөгүй тамд нэг галав тарчлан зовно. Гэтэл бидэнд урьд төрөлдөө хуримтлуулсан засаж залруулаагүй, үр дагавар нь илрээгүй олон хилэнц бий. Тиймээс тэр бүхнийхээ төлөөсөнд муу заяанд төрөх нь гарцаагүй. Гэхдээ урьд нь хуримтлагдсан муу заяаны үндсийг бүрэн арилгаж, нэмж хуримтлагдах үүдийг нь хааж болно. Ингэж чадвал сайн заяа тийм хол биш, гэтэл хэн нь ч хичээхгүй байгаа болохоор муу заяанд төрдөг юм. Нэгэнт муу заяанд төрчихвөл зөв дадал хөгжүүлж чадахгүй, үргэлж бурууг хийсээр олон галавт сайн заяаны барааг ч харахгүй. Тиймээс завшаан, боломж бүрдсэн хүн заяаг олох тун хэцүү байдаг. Бодисадвагийн замнал-д:
Иймэрхүү байдалтай байвал
Эргээд хүн болж төрөхгүй ээ.
Нэгэнт хүний төрлөөс хагацавал
Нэмэгдэх юм хилэнц л үлдэнэ ээ.
Үнэн зөв дадал хэвшлийг
Үзэж мэдсэн ч дагахгүй орхивол
Муу заяанд унасан хойноо
Мунхрахаас бус гэгээрч чадахгүй.
Зөв явдал, дадлын оронд
Зөрүү буруу алдаа хийвэл
Сая живаа айсуй галавт
Сайн алдар чамаас тойрно.
Даанч ховорхон хүний төөргийг
Дагаж олдох гэгээн завшааныг
Далайд хаясан буулга тоног
Даяанч мэлхийг онож өмсөгдөх мэт
Даанч ховорхон тохиол гэдгийг
Даамай Будда зүйрлэж хэлсэн.
Ганцхан хормын алдаа хилэнцээр
Гамшигт там руу шидэгдэх байтал
Элэгдсэн цагуудын тоогүй алдаа
Энхжинд яаж хүргэх билээ хэмээдэг билээ.
Эргэлзээ: Урьдын алдааныхаа уршгаар муу заяаны зовлон эдэлж хуримтлуулсан муу үйлийн үрээ бардаг. Тэгэхээр сайн заяанд төрнө гэдэг тийм ч хэцүү биш байлгүй.
Залруулга: Муу заяаны зовлон үйлийн үрээ эдлэхийн хэрээр барагдах нь үнэн боловч тухайн үедээ нэмж гэм хийсээр байдаг. Тиймээс үхсэн хойноо дахиад муу заяагаар тэнэн одох тул тэндээс мултарна гэдэг маш хэцүү. Бодисадвагийн замнал-д:
Үзтэл үйлдсэн хилэнцийн зовлонг
Үйртэл эдлээд ч сална гэж үгүй
Үйрэх зовлон чинь хажуу дэргэдээ
Үр ач шигээ алдаанууд дагуулна.
Дээрх маягаар найман завшаан, арван боломж бүхий хүн заяаг олох тун хэцүү гэдгийг тунгаан бод. Энэ амьдралаа буруу зөрүү өнгөрөөвөл дэндүү хайран гэдгийг сана. Тэгээд хүн заяаны хэргийг нь гаргахын тулд “Гэгээн сайхан чанар хөгжүүлж насаа үдье” гэдэг санаатай болоорой.
Нагаржуна Анддаа илгээсэн захидал- даа:
Уснаа хөвөх хоосон буулганд
Уран мэлхий хөллөгдөх мэт
Ухаант хүний төрлийг олох
Учир, тохиол ховорхон тул
Урьдын ерөөлтэй энэ насандаа
Улам гэгээрч, хэргээ бүтээ.
Оюу номин эрдэнийн сан руу
Огиж байгаа хүнээс илүү
Оюун билэгт хүн болж төрчихөөд
Осолдох гэмээс салаагүй нь гутмаар.
Мөн Чандракирти Шавьдаа илгээсэн захидал- даа:
Хүссэнээр олдоггүй хүний төрөлд
Хүссэн, төрсөн энэ чөлөөнөөр
Зүрх сэтгэлээ ариусган байж
Зүглэх гэгээрэлдээ шамдан зорь.
хэмээсэн байдаг билээ:
Агуу ёогч Боромдан “Байгаа цагаа ашигла” гэж Жанавад хэлэхэд “Завшаан, боломж ховорхон олдоно шүү” гэж хариулсан гэдэг. Бодова энэ тухай:
Пан хошуунд Маичахар хэмээх том хот бий. Тэр хот дайсанд эзлэгдээд ихэд сүйдсээр уджээ. Үүнд сэтгэл гундуу байдаг нэгэн өвгөн байв. Тэрээр нэг өдөр хотыг чөлөөлсөн тухай дуулсан ажээ. Тэгээд явж чаддаггүй ч гэсэн барим модоор газар тулан мөлхөж “ Маичахараг чөлөөлсөн гэдэг зүүд л биш байгаасай” хэмээн хөөрч байсан гэдэг. Яг л энэ өвгөн шиг найман завшаан, арван боломж бүрдсэн хүн заяаг олсондоо баярлаж гэгээрэлд шамдаарай.
хэмээн сургасан байдаг.
Завшаан, боломжийг нандигнах санаа бодол төртөл тэр тухай сайн бясалгаарай.
Завшаан, боломжоо бүрэн дүүрэн ашиглах чин хүсэлтэй болохын тулд дараах дөрвөн зүйлийг хэзээд санаж яв:
Сургаалийг хэрэгжүүлэх шаардлага. Амьтай бүхэн зөвхөн жаргахыг хүсдэг, хэн ч зовохыг боддоггүй. Харин жаргалд хүрч, зовлонгоос салах нь ганцхан Буддагийн номлолоос хамаарна.
Хэрэгжүүлэх бололцоо: Гадаад нөхцөл болох багш байна. Мөн найман завшаан, арван боломжтой учир дотоод нөхцөл ч бүрджээ.
Энэ насандаа хэрэгжүүлэх: Энэ насандаа хэрэгжүүлэхгүй бол дараа дараагийн төрөлдөө ийм завшаан, боломжтой таарна гэдэг ховор.
Одоо л хэрэгжүүлэх: Хэзээ ч үхэж магадгүй учир яг одооноос эхлэх хэрэгтэй.
Энэ дөрвийн гуравдугаарх нь “Дараагийн төрөлдөө номлолд суралцъя” гэж хойш тавьдаг залхуурлыг дарж байгаа юм. Дөрөвдүгээрх нь “Энэ амьдралдаа суралцана. Гэхдээ харин одоо биш хойтон, дараа сард, эсвэл маргааш эхэлье” гэдэг залхуурлыг дардаг. Ингээд энэ хоёрыг нэгтгэвэл “хурдхан суралц” гэсэн утгатай болно. Тэгэхээр ердөө гурван зүйл ч болгож болно. Үхнэ гэж бодох нь үүнд хамаатай боловч дараагийн бүлгүүдэд өгүүлэх тул нуршилгүй орхиё.
Энэ мэтээр завшаан, боломж бүрдсэн хүн заяаны тухай олон талаас эргэцүүлэх нь санаа бодолд маш сайн нөлөөтэй. Тиймээс дээр өгүүлсэн дагуу бодож бай. Харин бүхэлд нь бясалгахад хэцүү байж мэднэ. Тэгвэл завшаан, боломжийн утга учир, ойрын болон хэтийн зорилгоо гүйцэлдүүлэх, шалтгаан үр дагаврын хувьд олоход бэрх гэж хураангуйлаад тайлбарласан дагуу бясалгаарай.
Үүний зэрэгцээ завшаан, боломж бүрдсэн хүн заяаг олоход бэрх гэдгийг шалтгаан, үр дагавар талаас нь салган бодож сурах хэрэгтэй. 1- Ер нь аливаа сайн заяанд төрөхийн тулд ёс зүй болон бусад ариун зөв дадал зайлшгүй эзэмших шаардлагатай. Ялангуяа төгс завшаан, боломжтой болохын үндэс бол ариун ёс зүй юм. Түүнийг өгөөмөр чанар зэрэг бусад сайн чанараар баяжуулдаг. Мөн ариун хүсэл эрмэлзэл ч чухал. Өөр олон сайн чанарын үрийг тарих хэрэгтэй. Гэтэл ийм шалтгаануудыг бүрдүүлсэн байх нь нэн ховор тохиолддог. Тиймээс сайн заяа, онцгой сайн заяанд төрнө гэдэг тэр чинээгээрээ ховорхон. Энэ маягаар завшаан, боломж бүхий хүний заяаг олоход бэрхийг шалтгаан талаас нь бясалгана.
2- Завшаан, боломж бүхий хүн заяаг олоход бэрх гэдгийг дараах байдлаар үр дагавар талаас нь бодно. Муу заяаны амьтантай харьцуулахад сайн заяаны амьтан өдрийн од шиг цөөн. Харин өөртэй нь ижил сайн заяаны амьтан дотроо онцгой завшаантай нь бүр ч цөөхөн. Энэ дагуу бясалга.
Гэвш Долбова аз завшаан, боломж бүхий хүн заяаг олоход бэрх хэмээх энэ сургаалыг их чухалд тооцсон байдаг. Тэрээр бусад бүх сайн чанар зөвхөн эндээс ундарна гэж аминчлан захисан билээ. Тиймээс үүнийг ямагт санаж, хичээх хэрэгтэй.
Эх сурвалж:
Сэтгэгдэл оруулах: