Эхлэл
Бурханы шашин
Мэдээ нийтлэл
Бясалгал
Аудио
Видео
Бяцхан Будда
Хандив
Хэлэлцүүлэг 
Холбоо барих 
Сайтын тухай
Ангилал
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ
МОНГОЛЫН БУДДИЗМ
СУДАР ТАРНИЙН ДЭЭЖИС
ӨДӨР ТУТМЫН АРИУСАЛ
БУДДЫН СУРГААЛ
БУДДЫН ЗАН ҮЙЛ
ЕРӨӨЛ, ЗАЛБИРАЛ
БУДДЫН ГЭГЭЭНТЭН МЭРГЭДҮҮД
БУСАД ЭХ СУРВАЛЖ
Статистик мэдээлэл
Хандив
БОДЬ МӨРИЙН ЗЭРЭГ буюу гэгээрэлд хүрэх зам: Бүлэг VI - БЯСАЛГАЛЫН ТУХАЙ БУРУУ ОЙЛГОЛТЫГ НЯЦААХ
Мэдээ оруулсан:
Огноо: 3/22/2010
Зарим нэг нь эрхэм зарлиг болон түүний тайлбарын гол утгыг өчүүхэн ч ухаараагүйн улмаас бясалгалын талаар эргэлзээтэй ойлголттой болдог.
Эргэлзээ: Бясалгал хийх үед бясалгалын обьектыг ахин дахин задлан шинжлэх шаардлаггүй. Зөвхөн тухайн обьект дээрээ л төвлөрөх хэрэгтэй. Обьектыг билэг оюунаар задлан шинжлэх нь бясалгахад бус зөвхөн судалж, эргэцүүлэх үед л хамаатай. Аливаа ойлголт нь хийсвэр төсөөлөлд хэт баригдсан, жинхэнэ оршихуйгаас тасархай байдаг учир гэгээрэлд саад болно. Залруулга: Энэ бол ерөөсөө бясалгал хийж үзээгүй хүний хоосон үг байна. Хутагт Майдарын Судар аймгийн чимэг-т:
Эхлээд юмсыг судалж байж зөв ойлголттой болдог. Тэр зөв ойлголтоо өөриймшүүлбэл юмсын жинхэнэ оршихуйг ухаарах бэлгэ билгүүн төрдөг хэмээсэн байдаг.
Эндээс харвал судалж бий болгосон ойлголтоо билэг оюунаар өөриймшүүлдэг. Улмаар жинхэнэ оршихуйг шууд танин мэддэг ажээ.
Ямар нэг бясалгалын үндсийг нь бусдаас мэдэж авдаг. Ингэж бусдын туслалцаатай тодорхой ойлголттой болно. Дараа нь сонссон зүйлээ эх судар болон учир шалтгааны үүднэээс шүүн тунгааж, өөрийн чадвараар тодорхой ойлоглттой болох юм. Сонсож, эргэцүүлж байвал эргэлзээ арилж итгэл үнэмшил төрдөг. Энэ бүхэн дадал зуршил болохыг “бясалгал” гээд байгаа юм. Иймээс уйгаггүй задлан шинжлэх бясалгал | аналитик шинжилгээ гэж ойлгож болно| ба задлан шинжлэлгүй төвлөрөх бясалгал хоёулаа хэрэгтэй. Судалж мэдсэнээ бататгахад задлан шинжлэлгүй төвлөрөн бясалгах, нэг бүрчлэн задлан шинжилж бясалгах нь аль аль нь чухал. Харин бясалгалыг бүхэлд нь төвлөрөх бясалгал гэж үзэх нь ганц ширхэг тариан түрүү барьчихаад “Тариа гэдэг нь ерөөсөө л энэ юм” гэж зүтгэсэнтэй ижил шүү.
Түүнчлэн судалж бий болдог билэг оюунтай болохын тулд судалдаг. Эргэцүүлж бий болдог билэг оюунтай болохын тулд эхлээд эргэцүүлдэг. Үүнтэй адил бясалгалаас бий болох билэг оюунтай болохын тулд эхлээд бясалгах шаардлагатай. Учир нь тэрхүү билэг оюун нь бясалгалаас л үүсдэг юм.
Бясалгалын обьектыг маш тодорхой эргэцүүлж бий болсон ойлголт нь бясалгалаар бий болдог билэг оюуны суурь болдог.Тиймээс эргэцүүллээс төрсөн билэг оюунаас бясалгалын билэг оюун төрнө гээд байгаа юм. Хэдий чинээ их судална, төдий чинээ ихийг мэднэ. Тэр хэрээрээ эргэцүүлэн бодно. Эргэцүүлэл их байх тусам түүнээс бий болдог билэг оюун нэмэгдэнэ. Тэр чинээгээр өөриймшүүлэн бясалгаж олон гэмээс салж, олон сайн чанар төлөвшүүлдэг. Тиймээс бясалгал хийхэд судлах, эргэцүүлэх хоёр хамгаас чухал гэж эрхэм зарлиг болон түүний тайлбарт өгүүлдэг биз ээ.
Эсрэг байр суурь: Судалж, эргэцүүлэх нь зөвхөн буруу ойлголтоос салах төдий үүрэгтэй болохоор бясалгаад байх хэрэггүй, бясалгалтай ямар ч холбоогүй.
Хариулт нь: Энэ бол товлосон газраасаа өөр газар морь урулдуулахтай л адил. Тэгэхгүй бол уялдаа алдагдана. Мөн гурван билэг оюун дараалан хөгждөг жамтай гэсэн эрхэм зарлигийн ерөнхйи агуулгаас зөрнө. Улмаар “Сургаалыг алдалгүй дагахад олон юм судлах шаардлагагүй” гэдэг буруу яриаг зөв хэмээн үзэхэд ч хүрч болзошгүй.
Судар, тантрын ёсыг дагна маш их судалсан эсвэл эх бүтээл огтхон ч судлаагүй хоёр хүн одоо л нэг хэрэгжүүлж эхэлье гэхээр бариад авах их, бага ямар ч юмгүй байдаг. Бас иймэрхүү буруу бодолтой хүнээс номлол сонсож, асууж шалгаахад гууль нь цухуйж, үхширмэл бодлоосоо ухардаг юм.
Судалж, эргэцүүлэх билэг оюунаар тогтоосныгоо өөриймшүүлэх нь бясалгал биш боловч түүнийг бясалгал гэхэд буруу нь юу байхав. Хэрвээ энэ буруу юм бол бясалгалын анхны босгыг алхаагүй жирийн хүн хэзээ ч бясалгал хийж чадахгүй гэсэн үг болно. Хүсэлт тэнгэрийн орноос дээд төвшинд ороход түүнд түшиглэн бясалгалаас гарсан ухаан төрнө, үүнээс өөрөөр эгэл хүнд бясалгалын билэг оюун шууд төрдөггүй гэж Абхидхармакоши-д олон удаа дурьдсан байдаг.
“Бясалгал”-ыг хутагт Дхармакиртингийн Төгс чанарын тодорхой тайлбар-т тодорхойлсноор ойлгох нь зүйтэй:
“Бясалгал” гэдэг бол сэтгэлээ өөрийн эрхээр болгох буюу бясалгаж буй зүйлээ бодитоор хэрэгжүүлэхийг хэлнэ.
Жишээлбэл,”сүсэг бясалгах”, “энэрэл бясалгах” гэдэг нь сэтгэл өөрөө тийм мөн чанартай болохыг хэлдэг.
Томоохон орчуулагчид энэ үгийг заримдаа “дадал болгох үе” гэж орчуулсан байдаг. Ер нь бол дадаж хэвших, бясалгах хоёр нэг л ойлголт. Тухайлбал, Майдарын Илт ухаарахын чимэг-ийн орчуулгад “танин мэдэх ба дадал болгох үе шат” хэмээн оноосон байдаг.
Хутагт Майдар ингэж айлджээ:
Сэтгэл шуудран ертөнцөөс уйдах нь
Сэрж танихаас бясалгалд хүрэх нь
Бодож,тунгааж, дадаж хэвшүүлж
Боловсрол ахих шатууд билээ.
Майдар энд Их хөлгөний гэгээнтний бясалгалын шат дараалал бол уйгагүй бодож, эргэцүүлж магадлан ойлгох үйл явц гэдгийг тодорхой хэлжээ.
Эндээс харвал задлан шинжлэл, төвлөрөх бясалгал хоёрыг харш гэж үзвэл ёстой хөгийн юм болох нь. Сүсгийг бясалгах, цаглашгүйн дөрвөн сайн чанар болон гэгээрэх тэмүүлэл бясалгах, мөнх бусыг бясалгах, зовлонг бясалгах гэх мэт ахин дахин задлан шинжлэх учиртай маш олон бясалгал баядаг. Мөн Шантидэва Бодисадвагийн замнал болон Хураангуй заавар журам – даа “Өөртөө дадал болгохийн тулд үүнийг би туурвилаа” хэмээн өгүүлсэн нь зам мөрийн үе шат бүхэн бясалгал болохыг тодорхой харуулж байна. Түүнчлэн Шантидэва хутагтын Хураангуй заавар журам-д “ Тиймээс бие, эд эдлэл, хураасан буянаа үргэлж батжуулах, хамгаалах, ариусгах, арвижуулахад хэрэгтэй бүхнийг бясалгаарай” гэсэн байдаг. Энэ нь бие, эд эдлэл, сайн чанарын гурван үндсийг тус бүрд нь батжуулах, хамгаалах, ариусгах, арвижуулах нь дөрвүүлээ л бясалгал гэсэн санаа юм. Тэгэхээр”бясалгал”-ыг хэт явцуу утгаар ойлгож болохгүй нээ.
Аливаа ойлголт нь төсөөлллөөс бий болдог учир гэгээрэлд саад болдог. Тиймээс тухай бүрт нь задлан шинжлэх бясалгал хэрэггүй гэдэг ташаа бодол бол чань буддизмын хятад багш Хуушааны үзэл баримтлал юм. Үүнийг хожим тайван төлөв ба үлэмж үзлийн бүлэгт няцаах болно. Энэ ташаарал эх сударт Итгэхэд саад болохын сацуу буруу үзэл бий болдог. Олонх нь эх судрын агуулгыг тухай бүрт нь зайлшгүй задлан шинжлэх шаардлагатай. Гэтэл бясалгалын үед задлан шинжлэх хэрэггүй гэж үзэж байна. Иймэрхүү үзэл буддын шашин доройтохын хэрээр улам дэлгэрдэг. Эсвэл эрхэм зарлиг ба түүний утга санааны томоохон тайлбаруудыг гарын авлага гэж ухаараагүй. Үүнээс өөр өөдтэй юманд хүргэхгүй.
Асуулт: Задлан шинжлэх ба төвлөрөх хоёр төрлийн бясалгалаар зам мөрийг өөриймшүүлдэг аж. Харин задлан шинжлэх ба төвлөрөх бясалгалд юу юу хамаарах вэ.
Хариулт: Багшид сүсэглэх, олоход хэцүү сайн төрөл маш их утга учиртай мөн үхэл-мөнх бус, үйлийн үр, орчлонгийн гэм зэм болон гэгээрэх тэмүүлэл хөгжүүлэх нь задлан шинжлэх бясалгалд хамаарна. Эдгээрийг оюун санаагаа дайчлан, удаан хугацааны турш бясалгаж гүнзгий ухаарах эсэх нь гагцхүү ахин дахин задлан шинжилж бясалгахаас шууд шадтгаална. Жишээлбэл, сэтгэл татсан зүйлийн сайн талыг хэт дөвийлгөвөл түүнийг эзэмдэх асар их хүсэл төрдөг. Мөн дайсныхаа муу талыг үргэлж бодоод байвал маш их үзэн яддаг шүү дээ. Тиймээс энэ үед бясалгаж буй зүйлийн тухайн үеийн үзэгдэх байдал тийм ч чухал биш. Харин оюун санаагаа дайчилж, удаан хугацаагаар тухайн зүйлд зориулах хэрэгтэй байдаг учир задлан шинжлэх бясалгал хийдэг юм.
Тайван төлвийн үед сэтгэлээ өөрийн дураар захирч, төвлөрдөггүй байсан сэтгэлээ нэг зүйл дээр тогтоож сурдаг. Ахин дахин бясалгаад байвал сэтгэлийн тогтворжилт алдагдахгүй болно. Энэ үед нь төвлөрөх бясалгалд орох хэрэгтэй. Харин үүнийг тайван төлөв ба үлэмж үзлийн бүлэгт тодорхой тайлбарлая.
Энэ зүй тогтлыг ойлгохгүй байх нь бий. Мэдлэгтэй болохыг хүсвэл задлан шинжлэх бясалгал хэрэгтэй харин даяанчид төвлөрөх бясалгал хэрэгтэй гэдэг бол буруу ойлголт. Аль алинаар нь бясалгах шаардлагатай. Мэдлэгтэй болохын тулд тайван төлөв болон бусдыг нь ч бясалгана. Даяанч нар ч багшид гүнзгий сүсэглэхийг бясалгах учиртай. Судар, тарни хоёрын бясалгалын ёсонд ч нэг бүрчлэн задлан шинжлэх аргаар бясалгах хэрэгтэй гэж өгүүлсэн байх нь олонтаа. Энэ зарчмаар бясалгахгүй эсвэл нэр төдий бясалгавал сургаалын амин сүнс болох саруул билэг оюун хөгжихгүй. Бага зэрэг хөгжлөө ч цаашдаа дэвжихгүй, дээд төвшинд хүртэл ахихгүй. Гэгээрэх сургаалын эцсийн зорилго нь юмс үзэгдэл хийгээд түүний мөн чанарыг тэр чигт нь алдаагүй ялгаж салгах билэг оюун юм. Тиймээс л “Билэг оюунаар бүхнийг ухаарна” гэж хутагт Майдар хэлжээ.
Бясалгасан сургаалаа мартах нь ихсэж, санах нь багасаж мөн авах гээх ухаан дордвол яах аргагүй төөрсний шинж. Харин эрхэм гурван эрдэнийн сайн чанаруудыг сайтар ойлговол итгэл бишрэл маш их нэмэгддэг. Түүнээс гадна орчлонгийн гэмийг эргэцүүлэн тунгаавал хүлээснээс ангижрах сэтгэл шулуудна. Орчлонд дур гутаж нирвааны сайн талыг олон өнцгөөс харж, туйлын зорилгоо болгодог. Гэрээрэх тэмүүлэл болон зургаан төгс чанарын гайхамшгийг олонтаа шүүн тунгааснаар эргэлт буцалтгүй итгэж биширдэг. Цаашилбал урам зориг орж, идэвх зүтгэл ч оргилно. Ер нь энэ бүхэн задлан шинжлэх билэг оюунаар эрхэм зарлигийн утгыг ухаарахтай холбоотой. Тиймээс ухаан сэхээтэй хэн боловч энэ журмыг дагахаас өөр замгүй гэдгийг мэдэж авах нь чухал.
Бясалгалын арга барил сайн мэдэхгүйгээс зарим нь ингэж ярьдаг:
Эргэлзээ: Задлан шинжлэх бясалгал хэтэрхий их хийвэл сэтгэл нэг цэгт төвлөрөхөд саад болно. Тиймээс сэтгэлээ төвлөрүүлэх бясалгал тогтвортой хөгжихгүй.
Залруулга: Урьд нь сэтгэлээ нэг цэгт төвлөрүүлэх чадвар эзэмшээгүй, шинээр хөгжүүлэх гэж байж олон зүйл задлан шинжилбэл мэдээж бүтэхгүй. Тиймээс уг чадварыг эзэмштэлээ тохиромжтойг нь буюу төвлөрөх бясалгал хийнэ гэвэл санал нэг байна.
Харин өмнө нь хэт их задлан шинжилвэл төвлөрөхөд саад болно гэж бодож байгаа бол бясалгалд суралцах журмын талаар шинэ дэг ёсыг гаргасан хутагтуудын хийсэн тайлбарыг огт ойлгоогүй яваа хэрэг. Үүнд тохирох жишээ авья. Уран дархан алт, мөнгийг ахин дахин галд хайлуулж, олон дахин усаар угаан элдэв хольц, хогноос нь салгадаг. Мөн уян зөөлөн ч болгодог. Ингээд ээмэг зэрэг хүссэн гоёлоо урладаг.
Яг үүнтэй зүйрлэж болно. Юун түрүүнд төрмөл болон олдмол сэтгэлийн гэм, буруу үйл ба түүний үр дагавар, орчлонгийн гэм мэтийн муу талыг задлан шинжлэх билэг оюунаар олон удаа бясалгана. Ингэснээр сэтгэл эмзэглэж, тэдгээрээс зугтаадаг. Энэ нь алтыг галд хайлуулах мэт сэтгэлийн буруу хандлагыг өөрчилж, хир буртагаас нь цэвэрлэдэг. Мөн багшийн эрдэм чадал, хүн заяаны боломж бололцоо, эрхэм гурван эрдэнийн ач тус, зөв үйл болон түүний үр дагавар, гэгээрэх тэмүүлэл зэргийн ач холбогдлыг тухай тухайн бүлэгт зааснаар задлан шинжлэх билэг оюунаар ахин дахин бясалгана. Ингэвэл сэтгэл дэвтэж сүсэг соёолдог. Энэ нь алтыг усаар угаахтай адилхан. Улмаар сэтгэл зөв хандлагатай, баяр хөөртэй болж сайн чанарт сэтгэл дэвтдэг. Тэр цагт тайван төлөв, үлэмж үзлийн аль хүссэнээ бясалган эзэмшихэд итгэл үнэмшилтэй, амар хялбар болно. Иймээс задлан шинжлэх бясалгал нь төсөөлөлд автагдашгүй төвлөрөх бясалгалд суралцах сайн арга юм.
Энэ талаар Хутагт Асанга:
Уран дархчууд бүгд л алт, мөнгийг хог хольцоос нь салгахын тулд цаг тухайд нь галд хайлуулж, усаар угаан элдэв зүүлт, чимэг хийж болохуйц уян хатан болгодог аргыг бид мэднэ. Дараа нь дарханы ур ухаанаар юу дуртайгаа урладаг. Бясалгагч ч мөн адил тухай бүрт нь шунал мэтийн хир буртагаас жигшин зугтаж сэтгэлийн гэм бүхнээс холдоно. Улмаар зөв чиг хандлагатай болж, түүндээ баярлана. Ингээд сэтгэл хангалуун зөв зүг рүү тэмүүлдэг. Бясалгагч ийм сэтгэлээр тайван төлөв, үлэмж үзэл хоёрыг сүлэлдүүлэн хөдлөшгүй бат болгож, аль алинд нь хурдан хүрнэ. Мөн маш тайван, гуйвшгүй, шантаршгүй болж, санасандаа хүрэх зориг шулуудна.
хэмээсэн байдаг.
Сэтгэлээ нэг цэгт төвлөрүүлэх бясалгалд хоёр гол саад бий. Тэдгээрийг хөөрөл, нозоорол гэдэг. Хэрвээ эрхэм гурван эрдэнийн төгс чанарыг хүчтэй, удаан мэдэрвэл нозоорлыг хялбархан давна. Түүнийг дав гарахын тулд бясалгаж буй зүйлийнхээ сайн талыг олж харах хэрэгтэй. Мөн өөртөө урам өгөх нь чухал гэж олон алдартнууд хэлсэн байдаг. Мөнх бус, зовлонгийн гэмийг хүчтэй, удаан бодох нь хөөрлөөс салахад дөхөмтэй. Тиймээс түүний эсрэг жигшлийг хэрэглэ хэмээн олон эх сударт өгүүлжээ.
Түүнээс гадна багшид сүсэглэхээс эхлээд гэгээрэх тэмүүлэлд хөл тавих хүртэлх бүхнийг олон дахин бясалга. Тэр цагт ухаант мэргэдийг баясгасан төвлөрөх бясалгалыг баттай, хурдан төлөвшүүлнэ. Төвлөрөх бясалгал төдийгүй задлан шинжлэх бясалгалын үед ч хөөрөл, нозоорлоос ангид байх хэрэгтэй. өөрийн багш нар болон түрүү үеийн мэргэдийн өгсөн бясалгалын тухай зааврыг дотроо эргэцүүлж, илүү ойлгомжтой болгох үүднээс судар, эх бүтээлүүдэд байдаг мэргэдийн хэлсэн оновчтой үгийг орлуулан бүрэн дүүрэн болгохыг хичээлээ. Хэдий чадварлаг багш, авъяаслаг шавьтай таарсан ч ягшмал арга барилаар сэтгэлд нь нэвтрэх хэцүү гэдэг ончтой сайхан үг бий. Тиймээс “ Одоо бясалгах үе” гээд суулгаад байж болохгүй. Мөн “одоо сонсож, эргэцүүлдэг, хэрэгжүүлдэг үе” гээд байвал заасан номлол хэрэгжүүлэх үетэйгээ авцалдахгүй алдаа болно.
Бүх сургаалыг нэгэн зэрэг хэрэгжүүлнэ гэдэг маш ховор. Тиймээс бясалгах зүйлийг ангилж зааглах хэрэгтэй.
Эрхэм зарилгийг бүхэлд нь гарын авлага болгон мөрдөж чадах эсэх нь энэ бүлгийг ойлгосон үгүйгээс шууд хамаарна. Тэгэхээр буддын ном зохиол огтхон ч судалж үзээгүй бол санасны гарз биз ээ. Бас судар, тантрын хөлгөн судруудыг удаан судалсан хүмүүс ч бясалгалын үед урьд нь өөрийн судалсан зүйлдээ автчихдаг. Бясалгалын тухай илүү дэлгэрэнгүй тайлбарлах хүсэл байвч нуршуу болох вий хэмээн болгоомжилж байна. Бясалгалын тухай буруу ойлголтонд няцаалт хийсэн хэсэг үүгээр төгслөө.
Өмнөх хэсгүүдийг доорхи холбоосоор харна уу?
БОДЬ МӨРИЙН ЗЭРЭГ буюу гэгээрэлд хүрэх зам: Оршил
Бүлэг I АДИША
Бүлэг II НОМЛОЛЫН СУУ БИЛЭГ
Бүлэг III НОМЛОЛ ЗААХ БОЛОН ТҮҮНД СУРАЛЦАХ ЖУРАМ
Бүлэг IV БАГШИЙГ ШҮТЭХ ЁСОН
БОДЬ МӨРИЙН ЗЭРЭГ буюу гэгээрэлд хүрэх зам: Бүлэг IV - БЯСАЛГАХ ЖУРАМ
Эх сурвалж:
Сэтгэгдэл оруулах: